Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр МАН-аас УИХ-д сонгогдож явсан Ж.Сүхбаатар, орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга ТББХ-нд хүргүүлээд байна.
ҮХЦ-ийн гишүүн асан Л.Өлзийсайхан уг албанаас татгалзан УИХ-ын Тамгын газрын дарга болсон бол цэцийн дарга Г.Баясгалангийн томилогдсон хугацаа дууссан. Тиймээс энэ хоёрын орны хүнийг томилох шаардлага байгаа.
Гэтэл энэ удаад Цэцийн гишүүн болгохоор оруулж ирсэн хоёр хүнийг нь шүүмжлэх хүмүүс олон байна. Тухайлбал дэд сайд асан Б.Солонго: “Арай ч дээ. Баахан судлаад байсны эцэст ийм хүмүүс оруулж ирдэг, нэг нь шүүхээс эрүүдэн шүүсэн гэмт хэргээр ял авч байсан, нөгөөх нь ажлын хариуцлага алдаж улсад өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан ногоон автобусны хэрэгт холбогдсон. Монголчууд биднийг доромжилж чадаж байгаа юм шүү. Ял аваагүй, нэр цэвэр хуульч олдоогүй гэж худлаа ярина даа.
МАНай нам засаглаж чадахаа больсны илрэл үү. Зориуд наадам тулгаж бас оруулж ирэхээ мартсангүй. Шившигтэй” хэмээн шүүмжилжээ.
Уг нь сайн хуульчид гэгддэг хүмүүс. Гэхдээ Г.Эрдэнэбат прокурорын орлогч байхдаа С.Зориг агсныг хөнөөсөн гэгдсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн хэмээгдэн ял авч байсан удаатай. Харин Ж.Сүхбаатар нийслэл хариуцсан сайд байхдаа “Ногоон автобус” оруулж ирсэн хэрэгт холбогдсон. Ийм хүмүүс Цэцийн гишүүн болох гэж байгаад л олон хүн дүргүйцлээ илэрхийлж байна.
