Монгол Улсад айлчилж буй БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Дорноговь аймаг дахт газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж яваа аж.
“Ажил урагштай, эрчимтэй явж байна. Газрын тосны хайгуул, олборлолт чиглэлээр БНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах тал дээр дэмжлэг хүслээ. Мөн үйлдвэрийн ажил эхлэхэд авч явах инженер, техникийн ажилтнуудыг урьдчилан дадлагажуулж бэлтгэх талаар хамтран ажиллахаар тохиров” хэмээн Г.Дамдинням сошиал хуудсандаа бичжээ.
Өмнөх өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар нар албан ёсны хэлэлцээ хийжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан байна.
Хэлэлцээ, уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийг Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж онцолжээ.
Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Монгол,Энэтхэгийн харилцааны бэлгэ тэмдэг хэмээгдэх газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн1.235 тэрбум ам..долларын санхүүжилтээр 2018 оноос эхлэн барьж буй.
2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн Монголд хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын зээлийн шугам тохирч байв.Дараа нь төслийн дэд бүтэц болон зарим нэмэлт байгууламжид зориулж 2019 онд 235 сая ам.долларын нэмэлт зээлийн хэлэлцээр байгуулсан юм.
Мөн 2023 оны сүүл, 2024 оны эхээр БНЭУ-ын Засгийн газраас дахин 435 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталж, нийт зээлийн дүн нэмэгдсээр өнөөдрийн байдлаар нэг тэрбум 670 сая ам.долларт хүрээд байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг анх 2022-2023 онд багтаахаар төлөвлөж байсан ч цар тахал, хил гаалийн гацалт, инженерчлэлийн нарийн төвөгтэй байдал болон санхүүжилтийн өөрчлөлтүүдээс шалтгаалан энэхүү хугацаа хэд хэдэн удаа хойшилсон байдаг.
Шав тавих үед үйлдвэрийг 2022 оны сүүл, 2023 оны эхээр бүрэн дуусгахаар зорьж байв.
Цар тахлын оргил үед буюу 2021 онд салбарын яамнаас “бүх нөөц бололцоогоо дайчлан 2024 онд ашиглалтад оруулна” хэмээн мэдээлж байлаа. Харин төслийн үндсэн багц ажлууд болон технологийн нарийн угсралтууд эхлэх үед Засгийн газраас хугацааг 2025-2026 он болгон сунгасан.
Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны 12 дугаар сард багтаан дуусгаж, үйлдвэрийг 2028 оны эхний хагаст (I-II улиралд) бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сарын 22-нд УИХ-аас эцэслэн баталсан билээ.
Эх сурвалж: Politiko.mn
