Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн амин сүнс болсон “Иргэний эрх, эрх чөлөө”  бүлэг  амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих аж.

Уг хуулийн төслүүд батлагдсанаар  иргэний үндсэн эрхийн маргаан болон төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлэдэг олон улсын жишиг тогтолцоог бүрдүүлнэ гэв.

Түүний  хэлснээр, 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон “Иргэний эрх, эрх чөлөө” хэмээх хоёрдугаар бүлэг өнөөг хүртэл амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй, зөвхөн цаасан дээр үлдсээр ирсэн байна. Одоогоос 23 жилийн өмнө УИХ-ын 41 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-т Цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх механизм бүрдүүлэх зорилт тавьж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд эдийн засаг, улс төр, хувийн эрх чөлөөний хувьд хамгаалалт сул хэвээр байна.

Цэц нь Үндсэн хуулийн шүүх гэсэн статусаараа иргэний эрх чөлөөг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас шалтгаалан улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болон хувирсныг тэрээр шүүмжлэв

Энэхүү хуулийн төсөл нь шинээр боловсруулсан ажил биш бөгөөд олон жилийн судалгаа, дамжлагыг давсан байна:

  • 2013 он: Анх санаачлан боловсруулж, судалж эхэлсэн.
  • 2014 он: Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан өргөн барьж чадаагүй. (Тухайн үеийн Цэцийн гишүүд “ачаалал дийлэхгүй, цаг нь болоогүй” гэж үзэж байв).
  • 2019 он: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр яригдсан ч улс төрийн зөвшилцлөөр хасагдсан.
  • 2020–2024 он: УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон АН-ын нэр бүхий гишүүд хамтран ажлын хэсэг байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн шаардлага хангасан төслийг бэлтгэсэн. Төгсгөлд нь өргөн барьсан ч сонгуулийн өмнөх үе таарч хэлэлцэж амжаагүй.
  • 2026 он: Хуулийн төслийн баримт бичгийг бүрэн бүрдүүлж, ажлын хэсэг шинээр байгуулан, энэ долоо хоногт өргөн барихаар УИХ-ын даргад хүсэлт хүргүүлээд байна.

 Хууль батлагдсанаар Цэцийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн нэр томьёо, бичвэр, суурь зарчимтай бүрэн уялдуулах, иргэний  үндсэн эрхийн маргаан болон төрийн эрх мэдэл хуваарилалтын тэнцвэрт байдлыг Цэц хянан шийдвэрлэдэг тогтолцоог нээж, иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх,  Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2.3 болон 2.4 дэх хэсгийн зохицуулалтыг дээрх хоёр зорилтод харшлахгүйгээр илүү боловсронгуй болгох ажээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn