Монголчууд бид элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг тухай бараан статистикийг дуулах бүрдээ “Утаа, угаар, чанаргүй хүнснээс боллоо” хэмээн халагладаг. Гэвч бидний өдөр тутамдаа хамгийн эрүүл, ариун гэж итгэж хэрэглэдэг малын сүү, айраг, цагаа цагаан болон цэнхэр хуванцар саванд “хор” болон хувирч, чимээгүй тахал шиг хүн бүрийн биед уусаар байгааг анзаардаг уу?
Ганцхан жилийн өмнө биш, бүр арван жилийн өмнө төрөөс үүнийг албан ёсоор хориглосон шийдвэр гаргасан ч өнөөдөр амьдрал дээр тэрхүү шийдвэр нь цаасан дээр үлдэж, хортой савнууд захуудаар задгай зарагдсаар байна.
Тогтоол бий, харин амьдрал дээр…
Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 496 дугаар тогтоол гэгчийг баталж байв. Уг тогтоолын гарчиг нь “Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай”. Хэрэгжих хугацаа, хяналт тавих байгууллагуудыг нь тодорхой зааж, хоол хүнс, сүү, айрагны савлагаанд хүнсний бус хуванцар сав хэрэглэхийг албан ёсоор хориглосон юм.
Мөн Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрт нэгэн аймшигтай судалгааны дүнг хавсаргасан байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (хуучин нэрээр) тухайн үед хийсэн шинжилгээгээр эдгээр хөх, цагаан саванд хонуулсан усанд:
- Хар тугалгын шилжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс 60-800 дахин,
- Формальдегид (хорт хавдар үүсгэгч гол бодис) 1800-6900 дахин их байгааг тогтоосон байдаг.
Уг нь төр засаг аюулыг олж харж, шийдвэрээ гаргасан уу гэвэл гаргасан. Гэвч өнөөдөр 2026 он. Тогтоол батлагдсанаас хойш 11 жил өнгөрөхөд “Нарантуул”, “Хархорин” зэрэг томоохон захуудын задгай талбай, хөдөөний зам дагуу цэнхэр боошгууд, эмульсний цагаан савнууд урьдынх шигээ эгнэн жагссаар байна. Төрийн шийдвэр амьдрал дээр хэрэгжихгүй, зүгээр л цаасны хог болон үлдсэний бэлэн жишээ энэ юм.
Тэр “Цэнхэр боошиг” хаанаас ирдэг вэ?
Хөдөө зам дагуу айраг юүлж суугаа малчид, захаас 20-ийн цагаан сав бариад сүү авч буй иргэдийг зөвхөн “ухамсаргүй” гэж буруутгах нь өрөөсгөл. Энд системийн, хяналтын маш том цоорхой байна.
Наад талынх нь цагаан савнууд барилгын материалын эмульс, цавуу, будагных гэдэг нь тодорхой. Тэгвэл тэр цаадах том “цэнхэр боошгууд” хаанаас ирдэг вэ? Тэдгээр нь уул уурхайн компаниудын зэсийн хүдэр уусгах, алт баяжуулахад ашигладаг маш хүчтэй химийн урвалж, флотореагент, хүчил тээвэрлэдэг үйлдвэрлэлийн зориулалттай савнууд юм.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиараа уул уурхайн компаниуд эдгээр савыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр устгуулах эсвэл дахин боловсруулах үүрэгтэй. Гэвч уул уурхайн компаниудын хараа хяналтгүй байдал, дунд шатны ажилчдын шунал уламжлалт захууд руу тонноор нь хямд үнээр нийлүүлэх гүүр болдог. Өөрөөр хэлбэл, уул уурхайн хортой хог хаягдал малчны хотонд очоод “айрагны хөхүүр” болон хувирч буй эмгэнэл хаана ч хяналтгүй үргэлжилж байна.
Хүчил + Хуванцар = Чимээгүй үхэл
“Зүгээр ээ, бид хэд сайн угаачихсан. Дотроо ямар ч үнэргүй болчихсон” гэж малчид, ченжүүд ярьдаг. Энэ бол хамгийн том, үхлийн андуурал юм. Үйлдвэрлэлийн зориулалттай хуванцар нь химийн бодисыг молекулын түвшинд өөртөө шингээж авдаг “хөвөн” шиг шинж чанартай. Та мянга угаагаад тэр хорыг хуванцар дотроос нь гаргаж авч чадахгүй.
Үүн дээр эрүүл ахуйн хамгийн аюултай нөхцөл бүрддэг. Айраг, тараг, сүү нь өөрөө суурь хүчиллэг чанартай бүтээгдэхүүн. Хүчиллэг шингэнийг ийм саванд хийж хадгалахад хуванцар доторх хар тугалга, кадми зэрэг хүнд металлууд болон дааврын систем устгагч Бисфенол А (BPA) маш хурдан хугацаанд уусэж, хүнс рүү шилждэг байна.
Бид уламжлалт эрүүл хүнс гэж итгэн ууж буй айргаараа дамжуулан элэг, ходоод, бөөрөө өдөр бүр бага багаар хордуулж, хавдрын эсийг өөртөө тэжээж байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон үнэн.
Гарц гаргалгаа: Төрөөс юу шаардлагатай вэ?
Арван жилийн өмнөх Засгийн газрын 496 дугаар тогтоол яагаад амьдрал дээр биелээгүй вэ гэвэл хориглосон заалт байхаас биш, хэрэгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг, хариуцлагын механизм дутмаг байсных юм. Хэрэв бид энэ гинжин хэлхээг тасалъя гэвэл дараах гурван алхмыг яаралтай хийх ёстой:
- Эх үүсвэрийн хариуцлагыг чангалах: Уул уурхай, барилгын компаниудын хортой савны устгалын тайланг Мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд хатуу шалгах хэрэгтэй. Саваа гадагш нь хууль бусаар гаргасан компаниудад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл өндөр торгууль хүлээлгэдэг болох.
- Захуудад хийх шалгалт: Зөрчлийн тухай хуулиар хүнсний зориулалтын бус саванд цагаан идээ зарж буй ченжүүдийн бүтээгдэхүүнийг шууд хураан авч, борлуулах цэгийг нь хаах хүртэл захиргааны хатуу арга хэмжээ авдаг болох.
- Урамшуулал ба татаасын бодлого: Хүмүүс яагаад хортой сав аваад байна вэ гэвэл хямдхан, бат бөх учраас. Төрөөс хорт хавдартай тэмцэхэд жил бүр хэдэн зуун тэрбумыг үрж байхаар, малчдад зориулсан хүнсний стандартын зэвэрдэггүй ган (нерж) болон стандартын хуванцар савны дотоодын үйлдвэрлэлийг татвараас чөлөөлж, малчдад маш хямд үнээр нийлүүлэх эдийн засгийн хөшүүргийг хийх ёстой.
GeregТоймч
