“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд 40 орчим улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ.
2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь манай гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарын илэрхийлэл болж энэ онд 11 дэх удаагаа чуулж байгаа юм.
Энэ удаагийн хуралд 40 орчим улс, 10 гаруй олон улсын байгууллага, мөн манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид зэрэг дотоод, гадаадын нийт 300 гаруй төлөөлөгчид оролцож байна. Түүний дотор БНСУ-ын Нэгдлийн сайд Чунг Донг Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд В.Бартосзевски, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн нарийн даргын орлогч М.Лейтер зэрэг албаны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буйгаараа онцлог болж байна.
Бага хурлын хүрээнд зохион байгуулах үндсэн таван сэдвийн хуралдаанд бүс нутгийн шинжээчид, бодлого боловсруулагчид, судлаачдын зүгээс ЗХА-ийн аюулгүй байдлын тулгамдсан сорилт, боломжууд, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замын асуудлаар илтгэлүүд хэлэлцүүлнэ. Түүнчлэн шинэ технологиуд улс орон, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судлан шинжлэх бөгөөд хиймэл оюуны асуудалд төвлөрч, улс орнууд сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглахын зэрэгцээ засаглал, ил тод байдал, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах боломжийн талаар санал солилцоно.
Манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж буйтай холбогдуулан Төв Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран зохион байгуулах ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж, сорилтуудын талаар судлаач, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх болно гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn