Б.Бат-Өлзий заанд арслан цол нөхөн олгох гэж л Баяр наадмын хуульдаа өөрчлөлт оруулах юмуу?

УИХ-ын Байнгын хорооны хурлаар наадмын тухай хоёр хуулийн төсөл орж ирээд О.Амгаланбаатар нарын санаачилсан холион бантан болсон хуулийг унагасан.

Харин П.Сайнзориг нарын өргөн барьсан хуулийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо.

Олон нийт О.Амгаланбаатар нарын инээдтэй хуулийг ярьж, инээд наадаан болгож   байх зуур П.Сайнзориг нарын хуулийг хэлэлцүүлэх “хуулийн хулгай” мэтийн  юм өрнөлөө гэж хүмүүс бичиж байна.

П.Сайнзориг нарын 19 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл МАН-ын бүлэг, Байнгын  хорооны босгыг давж батлагдахаар урагшилж байгааг хүмүүс шүүмжилсээр байна.

Энэхүү хуулийн төслийн анхаарал татахуйц нэг өнцөг нь түүхэн тэмдэглэлт ойгоор 1024 бөх барилдуулж байх тухай заалт. Хамгийн хачирхалтай нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт хийх явдал аж.

Тэр өөрчлөлтөөр:

  • 1987 оны Спартакиад
  • 1995 оны Занабазарын ойн наадам
  • 1989 оноос хойших тэгш ойн наадмуудад “тухайн үеийн жишгээр” цол авах ёстой байсан бөхчүүдийн цолыг өөрийнх нь эсхүл гэр бүлийнх нь хүсэлтээр нөхөн олгохоор тусгасан нь байгаа юм.

Энэ дунд нь 2021 оны ковидын жил төрийн наадмыг Засгийн газраас өнжүүлсэн байтал МҮБХ болон МЗХ гэсэн ТББ-уудын зохион байгуулсан “Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой”-д зориулсан бэсрэг барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат-Өлзий заанд арслан цол нөхөн олгох л хамгийн гол зорилго нь болохыг харж болохоор байна.

Энэ бүхний цаана манайд тогтсон дарга төвтэй тогтолцооны “ид шид байгаа”.

Мэдээж УИХ-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй Ховдын улстөрчид цаана нь байгаа болов уу.

Б.Бат-Өлзийг ийнхүү арслан болгох далд зорилгын  наагуур гарди П.Сүхбат агсан, Б.Гантогтох нарт улсын арслан цол олгох тухай асуудлыг ихээр сэвж харагдана.

Байнгын хорооны хэлэлцүүлэг дээр ч  зарим гишүүд үүнийг шүүмжилсэн.  Тухайлахад, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Цол нь олгогдоогүй бөхчүүдийн амжилтыг нөхөж олгоё гэж байна. Тэр бол наадам биш. Би барилдааныг яг очиж үзсэн. Төв асраар нь орсон. Тэр бол Залуучуудын холбооны барилдаан. Тэр барилдааныг наадам гэж үзэх юм бол бөөн талцал руу аваачна. Б.Бат-Өлзий наадамд бүртгүүлсэн байхыг нь харахад хүртэл сайхан санагддаг миний хайртай бөх.

Гэхдээ одоо бидний гаргасан шийдвэрээс болоод Улсын арслан болоод одоо ид барилдаж байгаа Батмагнай, Орхонбаяр, Бат-Отгон бүгдийнх нь дээр эрэмбээрээ гараад ирнэ. Нөгөө залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү” гэсэнд хууль санаачлагч П.Сайнзориг “тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Аливаа зүйлийг улстөржүүлээд шошго нааж дэмий. Энийг 2022 онд шийдчихсэн гэснээс харахад бүх зүйл ойлгомжтой.

Хуулийн төслийг санаачлагч П.Сайнзоригийн хувьд “Ээж маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын гаралтай” хэмээн бахархдагаа ярьж байсан.

Тэгэхээр үүний цаана Ховдынхоны лобби байгаа нь илт.

Тиймээс энэ хуулийн төсөл батлагдвал Монгол бөхийн ертөнц дахиад л баахан хэрүүл маргааны талбар болох нь ойлгомжтой болоод байна. Өмнө нь нутаг усны ийм тэмцэл гарч арайхийж олон жилийн дараа бага зэрэг намдсан. Дархан аварга цолноос болж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь илүү эрэмбэтэй вэ гэсэн тэмцэл явсан. Бөхчүүдийн допингийн асуудал байнга олны анхаарлыг татаж буй энэ үед ахиад цолны асуудал ийнхүү хурц асуудал болох магадлал өндөрслөө.

П.Сайнзориг нарын өргөн мэдүүлж, дэмжигдсэн хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгаад байна.

  1. Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх,
  2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох,
  3. 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх
  4. Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn