“Чингис хаан” Үндэсний музейд нээгдсэн “БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” үзэсгэлэн “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх гурван хэсгээс бүрдэнэ.
Шашин, гүн ухаан болон шинжлэх ухааны огтлолцол, харилцан шүтэлцээ, найрсалыг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд дэлгэгдлээ.
Үзэсгэлэн “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх гурван хэсгээс бүрдэж буй агаад үзмэр нэг бүрийг эртний уламжлалт гар урлал танка зургийн аргаар цор ганц хувиар бүтээжээ. Эдгээр бүтээлийг Дээрхийн гэгээн Далай ламын залран буй Энэтхэгийн Драмасала хотод байх Төвөдийн номын сан, архив, Сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төвийн дэмжлэгтэйгээр өмнөд Энэтхэгийн буддын хийдийн хуврагууд дэглэн бүтээсэн байна.

Нээлтэд МБШТГандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба асан Д.Чойжамц, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Н.Энхбаяр, Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан нар урилгаар оролцож, үзэсгэлэнгийн үеэр эрдэмтэн судлаачид, лам, гэлэнмаа нар Буддын философи ба шинжлэх ухааны мөн чанар, хүний танин мэдэхүй, орчлон ертөнцийн бүтэц зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл танилцуулаа.
Уг үзэсгэлэнг Далив хутагт сан, Чингис хаан Үндэсний музей, Энэтхэгийн Драмасала хотод байх Төвөдийн номын сан, архив, сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төв, МБШТ-Гандантэгчэнлин хийд зэрэг шашин, соёл, шинжлэх ухааны байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэг давхрын түр үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 10-ныг хүртэл үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Эх сурвалж: “Чингис хаан” үндэсний музей
