Улсын бүх цолтон төрсөн наадамд арслан Б.Орхонбаяр түрүүлж, Даян аварга боллоо

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан сайхан болж хүн бүхнийг жаргууллаа.

Баяр наадмын улсын начин цолтны давааг

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдорж,
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаяр,
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн хурц арслан Г.Төрмөнх,
  • Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж,
  • Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр,
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Ж.Жавхлан,
  • Өмнөговь аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав,
  • Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан А.Нармандах,
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн,
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ,
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн нар  давлаа.

Улсын начин Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Ө.Батсуурь нар улсын харцага цолын давааг давлаа. Харин улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн начин Б.Сундуйжав нар улсын зааны өндөр давааг давлаа.

Завханы аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдыг өвдөглүүлээд аймгийн цолтноос шууд улсын зааны болзол биелүүллээ. Улсын баяр наадамдаа анх удаа хүч үзэж буй 22 настай залуу улсын начин, харцага цолыг алгасаад зааны эгнээнд орж ирээд байгаа нь энэ.

Мөн Увсын харьяат өсөх идэр начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржоор долоо даван харцагыг алгасан шууд заан цолны болзол биелүүлсэн. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож цаг гаруйн хүнд барилдааны эцэст шууд зааны болзол биелүүллээ.

Завханы харьяат улсын заан М.Лхагвагэрэл энэ хаваржин, зунжин түрүүлэх бөхийн нэрс дунд тэргүүлж ирсэн. Энэ удаа ямартай ч нутгийнхаа 4 гардийн үргэлжлэл болон найм давж, улсын гарди цолтон боллоо.

Сүүлийн хэдэн жилийн наадамд улсын арслан, аварга цол авна гэгдэж ирсэн Б. Бат-Өлзий заан 9 даван үзүүрлэж арслан цолыг гуйж биш гуядаж авлаа. Түүхт ойнууд тохиосон энэ баяр наадамд улсын арслан Б.Орхонбаяр 10 даван түрүүлж, Монгол улсын Даян аварга цолтон болж монгол түмнээ огшууллаа.

Ирэх жилийн наадам хол байна даа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn