Р.Даваадорж: Оюу Толгойн гүний уурхайд зөвлөгөө өгсөн нэрээр гадаадын хоёр иргэнд 1.6 сая фунт стерлинг хууль бусаар олгосон асуудлыг шалгуулна

Оюу Толгойн гүний уурхайтай холбоотой асуудлаар гадаадын иргэдээс зөвлөгөө авах нэрээр улсын асар их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлсэн байж болзошгүй асуудлаар эдийн засагч Р.Даваадорж АТГ, ТЕГ, ЦЕГ-т шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр, Төрийн нууцад оруулсан Засгийн газрын тэмдэглэлээс үзвэл, уг гэрээ нь Оюу Толгойн гүний уурхайн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах утга агуулгатай байсан. Гэвч чухам ямар зөвлөгөө авах байсан, тэдгээр гадаадын иргэдийг ямар шалгуураар сонгосон, тэд яг юу хийдэг хүмүүс вэ гэдэг нь огт тодорхойгүй байна” гэв.

Тэрээр,  Монголын төр “нууцын зэрэглэл”-ээр халхавчлан, хэн болох нь үл мэдэгдэх гадаадын хоёр иргэнд 1,600,000 фунт стерлинг (ойролцоогоор 7 гаруй тэрбум төгрөг) гаргаж өгсөн асуудлыг тэрбээр Авлигатай тэмцэх газар (АТГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т албан ёсоор шалгуулахаар хандсанаа мэдэгдэв.

Хэргийн агуулгыг хөөж үзвэл, Монгол Улсын Засгийн газраас Их Британийн хоёр иргэнтэй 1,300,000 фунт стерлингийн гэрээ байгуулж, 2021, 2022 онуудад мөнгө төлж байсан байна. Гэтэл энэхүү асуудлыг 2024 оны УИХ-ын сонгуулийн яг өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар гэнэт оруулж, мөнгийг нь гаргах ажлыг “нууцын зэрэглэл”-д авч байгаад шийджээ.

Хамгийн хачирхалтай нь, Засгийн газраас нөхөж олгохоор шийдвэрлэсэн мөнгөн дүн дээрээ дахин 300,000 фунт стерлинг нэмж тусгасан байна. Энэ нь зөвхөн авлигын асуудал биш, төрийн эрх мэдлийг урвуулан ашигласан улайм цайм үйлдэл учраас хэн нь үл мэдэгдэх хоёр хүнд ямар гэрээгээр, яагаад ийм их хэмжээний мөнгө өгснийг ил тод болгохоор хуулийн байгууллагуудад хандсан гэдгээ тэрбээр тодотголоо.

Тэрээр мөн “Монголын төр ийм хэмжээнд хүртлээ доройтож, унана гэдэг үнэхээр харамсалтай. Энэхүү мэдээлэл нууцаас гаргасан Засгийн газрын тэмдэглэл дээр бэлхнээ байна. Гэтэл өнөөх гадаадын иргэд нь ‘Эрдэнэс Оюу Толгой’ компани руу бичиг явуулахдаа 1.3 сая биш, 1.6 сая фунт стерлинг гэж мөнгөн дүнгээ дур мэдэн нэмж бичжээ. Өөрөөр хэлбэл, дундаас нь хувь хүн өөрөө 300,000 фунт стерлингийг нэмчихсэн үү гэдгээс эхлээд маш бүрхэг байна. Компани хооронд, эрх мэдэл бүхий хүмүүсийн хооронд үнийн дүн нь тодорхой бус, хэд дахин нэмэгдсэн байдлаар явсан байна” гэлээ.

Төрийнхөн энэхүү тодорхойгүй, бүрхэг байдлаа нуухын тулд л “нууцын зэрэглэл” гэдэг хаалт тавьсан бөгөөд энэ бүхнийг ард иргэдэд ил тод болгох ёстой гэдгийг тэрбээр хатуу сануулав.

Р.Даваадоржийн дэлгэсэн баримт дээр Ажлын хэсгийн ахлагч бөгөөд дэд сайд Б.Солонгоо гэсэн гарын үсэг зурагдсан байгаа аж. Тэрбээр үүнтэй холбогдуулан: “Хууль зүйн дэд сайд байсан хүн хэн нь үл мэдэгдэх хүмүүстэй яриад, зөвлөгөө аваад явж байна гэдэг Монголын төр ямар түвшинд хүртлээ дордсоныг бэлхнээ харуулж байна. Засгийн газрын тэмдэглэл дээр 1.3 сая фунт стерлинг гаргахаар баталчихаад, нөгөө компаниуд руу бичиг явуулахдаа 1.6 сая болгоод өөрчилчихдөг ийм замбараагүй төр гэж байж болох уу? Монголын төр нэг хэсэг дээрэмчид шиг л ажиллаж байна. Болохгүй, бүтэхгүй, булхайтай бүхнээ нууцын зэрэглэлд оруулдаг ч тэр нууцыг нь дэлгээд харахаар маш гэмт хэргийн шинжтэй, замбараагүй зүйлс ил гарч ирж байна” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn