Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн төлөө нэлээд зүйл хийхээр Ерөнхий сайд болон хотын дарга нар томоохон амлалтуудыг авлаа.
Өчигдөр Нийслэлийн хүүхдүүдийн “Хаки” баярын нэгдсэн арга хэмжээн дээр Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ “…нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувиар нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөнийг нийслэл хотод эхлүүлнэ” гэв.
Өмнө нь 1000 хүүхэд нэг ээлжинд хүлээн авах чадалтай зусланг байгуулах амлалтыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авч, Г.Занданшатарын Засгийн газар ч уг зусланг бүтээн байгуулах ажлыг эхлүүлнэ гэж байлаа.
Ерөнхий сайд Н.Учрал хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхдээ “Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын ирээдүй болсон 1.1 сая хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.
Хууль бус хувьчлалтай холбоотой асуудлыг шалгуулж, “Хараацай” зусланг сэргээнэ…” гэхчилэн мэдэгдсэн.
- Тэрбээр мөн “Иргэн бүр хүүхэд хамгаалагч байя
- Иргэн бүр хүүхдийн төлөө ажиллая” хэмээн уриалж байгаагаа илэрхийллээ.
Ер нь өнгөрсөн долоо хоногийн турш хүүхэдтэй холбоотой олон асуудлыг ярьж, хэлж, сэргээх асуудлуудыг нэлээд хийлээ.
Ерөнхий сайдын чиг үүрэгт байдаг АТГ мөн хагас жилийн өмнө хүүхдийн зуслангийн өмч хувьчлал тойрсон асуудлуудыг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа мэдэгдлээ. Тухайн ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн.
Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлжээ.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байгаа аж.
“Хандгайт” хүүхдийн зуслан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшилд байх бөгөөд хүүхдийн зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоогийн байдлаар 19,7 га болж багассан гэнэ. Тухайн хүүхдийн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг нарийвчлан шалгаж байгаагаа мэдэгдсэн.
Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх 2 хүүхдийн зуслангийн өмч хувьчлалын асуудлыг хүчингүй болгуулах арга хэмжээг авахуулахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн Монгол улс дахь хүүхдийн төлөө асуудал дандаа хойш тавигдаж ирснийг харж болно. Тухайлахад тэртээ 2020 оны 6 дугаар сарын 1-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зусланг байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч байсан байдаг. Тэрхүү тогтоолд “Найрамдал 2” зуслан нь 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байна гэж байлаа.
Гэвч газрын маргаан гарч байсан ба БХБЯ болон ХНХЯ-наас зуслангийн зураг төсөл болон барилгын ажлын тендерийг 2021, 2022 онуудад зарлаж байсан байдаг. Дараа нь тухайн үеийн сайд 2023 онд хэлэхдээ 2004 онд уг нэг ээлжиндээ 1000 хүүхэд хүлээн авах чадалтай зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Өнөөдрийг хүртэл “Найрамдал-2”-ын газрын асуудал шийдэгдээгүй л байна.
Тэгвэл энэ 2026 оны эхээр Ерөнхий сайд асан Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллах үеэр “Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал-2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан. Тэгвэл зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ” хэмээж байлаа.
Мөн Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн “Бамбарууш” кафег сэргээхээр болж байна хэмээн зарлаж байж билээ. Тэгээд сэргээгээгүй л өнгөрсөн. Харин энэ удаа Н.Учралын Засгийн газар, Нийслэл хотын Засаг дарга Б.Пүрэвдагва нар “Хүүхдийн төлөө ЗА гэж дуугарсан заавал хий”-х амлалтаа биелүүлэх үү?
О.Хуяг
