ҮХЦ өнөөдөр “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг өнөөдөр буюу энэ сарын 27-ны 09.30 цагаас нээлттэй хийхээр товлосон билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.

Хугацаа нь дуусч буй  УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилж байсан юм.

Тэгвэл Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэхийг шийдэх Үндсэн хуулийн Цэцийн даргын хугацаа нь дуусаад жил гаруй болж байна. Мөн Г.Баясгалангаас өөр дахин нэг гишүүнийх нь хугацаа дуусч байгаа гэдэг.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрх дуусаад нэг жилийн хугацаа өнгөрч буйтай холбогдуулан цэцийн даргын асуудлыг маргаангүй болгож, нөхөн томилгоог яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогт болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж байгаагаа мэдэгдээд байгаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn