Ясаа цайлгаж,чөмгөө дундалж, уушигны гурван судсаа таслах амлалтын эзэд

Манай энэ цагийн улстөрчид ардын холбоо үгэн дундаас дандаа л арай ширүүнийг нь сонгон авч, үгээ хүч оруулах эсэхүл хэн нэгэнтэйгээ хэрэлдэхдээ хэрэглэдэг. Тэд энэ бүхнийг ард түмэн та бидний төлөө гэдэг ч яг үнэндээ өөрийн гэр бүлийнхэн, хамаатан саднууд, найзууд, туслахуудынхаа сайн сайхны төлөө байгааг нь та бид харсаар сонссоор л.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа дургүй нь хүрсэндээ “игзаар хүргэлээ” хэмээн цээжээ балбаж байлаа. Тэр үеэс хойш улстөрчид өөрсдийгөө их юм хийж, та бидний төлөө зүтгэж байгаагаа өвөрмөц хэллэг болон хэлц олж зүйрлэх болсон юм.

Тэгвэл Монгол улсыг дахин тусгаар тогтносон их үйлсийн тэргүүнд омог бардам явсан Ханддорж вантан хүүгээ Манжийн төрд алуулчихаад, Бээжингээс буцахдаа Жанчхүүгийн даваан дээр гарч “Манж хятад шаахай, марал илжигний туурайн мөрийг Хаалган даваа давуулж, Халх Монголын газарт хэзээ ч гишгүүлэхгүйн төлөө ясаа цайтал тэмцэнэ” гэж амлан тангараглаж байсан гэдэг.

Тэгвэл энэ цагийн манай ноёд ард түмний нэр барьж худлаа цээжээ дэлдсээр.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хэд хэдэн удаа “ясаа цайтал” тэмцэхээ илэрхийлж байсан удаатай. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа УИХ-ын чуулган дээр “Намайг алчихдаггүй л юм бол УИХ-д сууж байгаа нэлээдгүй хүнтэй би ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ” гэж байлаа.

Тэгвэл энэ хавар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг бариулахгүй гэсэн иргэдийнхээ эсрэг цуглаан хийж, “Улсын хөгжлйиг гацааж байгаа бүлэглэлтэй ясаа цайтал тэмцэнэ” гэсэн.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан оройноо мэдээлэл хийхдээ У.Хүрэлсүх “Ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно” гэж байлаа.

Энэ бол Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр ажиллах У.Хүрэлсүхийн ялалтын дараах үг. Утгачилбал, бие махбодьт хүн дотоод эрчим хүчээ бүрэн шавхан зүтгэхийг чөмөг дундрах агуулгаар илэрхийлдэг.

Гэсэн ч сайн сайхан болоогүй л байна. Төрийн өмчит том үйлдвэрүүдийн захирлуудаас эхлээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нар түүний ойр тойрны ах дүү, найзууд, төрсөн, тэлсэн “үр хүүхэд”-ээс бүрдэж, өнөөгийн манай нийгэмд тэд л нөгөө “гахай” илүү гэгчээр амьдарч ард бид жинхэнэ “чөмгөө дундартал” зүтгэсэн ч хоолтой, хоолгүй өрнөөс өрний хооронд амь зууж явна.

Үүнийг баталж болно. Өнгөрсөн жил цалингаа нэмүүлэхээр жагсаж байсан Х.Батцэцэг хэмээх иргэн “Эрүүл мэндийн салбарын ажилчид бид чөмгөө дундартал ажиллаж байгаа. Тиймээс ирэх онд 30 хувиар нэмэх саналыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Төр засгийнхан ажлаа хиймээр байна” хэмээж байж билээ.

Одоо УИХ-ын даргын алба хашиж байгаа С.Бямбацогт намынхнаа шүүмжлэхдээ “Бид сонгуулиар “Чөмгөө дундартал зүтгэнэ” гэж амладаг. Ингэснийхээ төлөө илүү эрх эдлэх нь зохимжгүй” гэж байсан удаатай.

Зөвхөн У.Хүрэлсүх, МАН-ынхан ч, Ерөнхийлөгч ч чөмгөө дундартал зүтгэнэ гээгүй юм.

Өнгөрсөн 12 дугаар сард Оюутолгойн хянан шалгах Сонсголын үеэр С.Баярцогт “Би Монголын парламентад 5 удаа сонгогдсон хүн. Монголын төлөө чөмгөө дундартал ажилласан. Цаашдаа ч ажиллана. гэж байлаа.  Тэр ч хэлсэн ёсоор нь болж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод байна.

Тэгвэл энэ удаа “уушигны 3 судас” бас моолны  үг болон гарч ирлээ.  Энэ удаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Л.Оюун-Эрдэнэ бид хоёрыг юу ч гэж доромжилсон бидний үзэл санаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Увайгүй хулгайч нартай уушигны гурван судсаа тасартал тэмцэнэ” гэж хэлсэн нь эдүгээ олны дургүйцлийг дээд зэрэгт хүргээд байна.

Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэл хийж, Х.Нямбаатарыг хотын даргаас буулгасны дараа мөн л “Учралтай уушгины гурван судсаа тасартал тэмцэнэ гэсэн. Тэгвэл энэ үгэндээ уучлалт гуйсангүй. Харин өчигдөр “бацаан” гэсэн үгэндээ уучлалт гайж байгаагаа л мэдэгдэв.

Манай төр засгийг ойрын үед удирдаж яваа эдгээр нөхдүүдийг чөмөг хэзээ дундарч, уушгины судаснууд нь хэзээ тасрах юм болдоо хэмээн олон иргэд харуулдсаар байна. Гэхдээ эрүүл мэндийн талаасаа үнэхээр  чөмөг нь дундарч, уушигны судаснууд нь тасарвал аюултай.

 

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn