Цэрэг амиа алдсан хэрэгт салбарын сайд Д.Батлут ХАРИУЦЛАГААС БУЛТСАН мэдэгдэл гаргав

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339-р ангид 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан ноцтой хэрэг гарчээ. Уг хэрэгт Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс дээр эрүү үүсгэн шалгаж байгаа талаар албаны хүн мэдээлжээ.

Орон нутаг, цэргийн ангийнхан сандралдаж, гэр бүл, аав, ээж нь уй гашууд автсан хэцүү үед Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-аас тус тусын мэдэгдлийг гаргав.

Мөн Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) өөрийн тайлбараа хийв.

Энэ хэрэг дээр төр, иргэний хяналтын байгууллагууд шал өөр мэдээлэл өгч байгаа нь хамгийн түрүүнд анхаарал татна.
ХЭҮК-ийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Камергүй өрөөнд цэргүүд муудалцаж, зодолдсон. Зодсон цэргийг шөнө нь цагдан хорьсон” хэмээн фактыг шууд мэдээлэв.
Гэтэл ЗХЖШ-ын албан ёсны мэдэгдэлд “Байлдагч Э.Ч нь таталт өгч, ухаан алдсан тул эмнэлэгт хүргэгдээд нас барсан” гэж дурджээ. Хүчирхийлэл, зодооны улмаас ухаан алдаж унасан, тэр хэрэгт оролцсон цэргийг хорьж, шалгаж байгаа гээд цагдаа нь ч, ХЭҮК нь ч мэдээлсээр байхад “гэнэт таталт өгсөн” мэтээр зөөлрүүлж байгаа ЗХЖШ-ийн хандлагыг илэрхийлж байна. Өмнө нь ч олон удаа цэргийн ангид цэргүүд нас барж байхад тус байгууллага бурууг бусдад тохсоор ирсэн хуучин тактик нь өөрчлөгдсөнгүй бололтой.

Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдэлдээ хэрэг гарсан орчныг “Хүний бие засах, усанд орох зэрэг хувийн нууцад халдаж камержуулах боломжгүй байдаг сохор бүс” хэмээн тайлбарлаж, зөрчлийг давагдашгүй хүчин зүйл мэтээр зөвтгөхийг оролджээ.

Гэвч ХЭҮК-ийн мэдээллээр цэргүүд бие засах газар биш, ангийн байрлал дахь “камергүй өрөө”-нд зодолдсон байдаг. Хувийн нууцын бүсээс бусад газрыг бүрэн хяналтад авах, сохор бүсүүдэд харуул хамгаалалтын зохион байгуулалт хийж чадаагүй нь армийн удирдлагуудын л алдаа. Үүнийг “Бид хичээсээр ирсэн боловч зөрчил гарсаар байна” гэж аргацааж, хариуцлагаас бултаж буй нь Батлан хамгаалах сайд Д.Батлутын мэдэгдлээс илэрхий.
Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ийн мэдэгдлүүдээс харахад дээд албан тушаалтнууд өөрсдийгөө энэ системийн гадна, хөндлөнгийн этгээдүүд мэтээр харагдуулахыг хүссэн нь илт.
Сайдын зүгээс “Тухайн ангийн удирдлагуудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болголоо” гэжээ. Энэ нь хариуцлагыг зөвхөн дунд шатны дарга нар болон зодолдсон цэргүүд рүү шилжүүлж, бодлого зангидаж буй БХЯ, ЗХЖШ-ын дээд удирдлагуудыг “цэвэр” авч үлдэх гэсэн ээлжит оролдлого юм.Хугацаат цэрэг гэдэг бол төр хуулиараа далайлган гэрээс нь татаж аваад, амь нас, эрүүл мэндийг нь бүрэн хариуцна гэж амласан Монгол Улсын иргэд юм. Тийм учраас “камергүй бүс байсан”, “цэргүүд хоорондоо муудалцсан” гэдэг шалтаг БХЯ болон ЗХЖШ-ыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫН МЭДЭГДЭЛ
Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна.
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна.

Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо.

Хэвлэл мэдээллээр цацагдаад буй камергүй сохор бүсүүдийг бид хяналтад авах гэж хичээсээр ирсэн. Гэхдээ хүний бие засах, усанд орох зэрэг хувийн нууцад халдаж, язгуур эрхийг зөрчин камержуулах боломжгүй байдаг.
БХЯ, ЗХЖШ-аас дүрмийн бус харилцааг таслан зогсоох чиглэлд сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, соён гэгээрүүлэх суртал хүмүүжлийн ажлууд, сохор бүсээс бусад газрыг бүрэн камержуулах, удаа дараагийн шаталсан сургалт зэргээр ажиллаж байгаа хэдий ч зөрчил гарсаар байна.
Иймд орох, гарах хаалганы хяналтыг сайжруулж, шалгалтыг алхам тутамдаа биеэр хэрэгжүүлж байх харуул хамгаалалтын шинэ журмыг мөрдүүлж эхэлнэ.
Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж, армийн соёл, дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинэчлэлийг тууштай удирдан зохион байгуулах болно.
Энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн.
ЗХЖШ-ЫН МЭДЭГДЭЛ 

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn