Нөөцийн мах эргэн худалдаанд гарч эхэлнэ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлэн нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулахаар болжээ.

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нөөцийн мах бэлтгэсэн гэрээт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ. Тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаалах ажээ.

Байршил:
• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална.

Ирэх Лхагва гаригаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, Пүрэв болон Баасан гаригаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn