УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав

Өнөөдөр УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг эхлэн өдсөнөөр УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал тэр гурвын хооронд “Хулгайг яах вэ”, “Хулгайтай хэрхэн тэмцэх вэ” гэсэн ийм нэг яриа өрнөлөө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хулгайгаа яах вэ, ерөөсөө хаа сайгүй хулгай л ярьж байна гэхэд УИХ-ын дарга С.Бямбацогт “УИХ-ын гишүүд асуулга тавих, сонсгол зохион байгуулах зэргээр ажиллах боломжтой” гэв. Харин Ерөнхий сайд Н.Учрал “Хулгай дээрэмд холбогдсон, авлига ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд хуулийн байгууллагад очоод шалгуулах хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа хоёр асуудал тутмын нэг нь хулгай яригдаж байна. Хулгайн асуудалд цэг тавимаар байна, УИХ-ын дарга аа.  Хууль хяналтын байгууллагын дарга нарыг нь томилоод явуулсан юм бол одоо мэдээлэл авмаар байна. Үнэхээр хулгай хийгдээд байгаа юм уу, хийгдэхгүй байгаа юм уу, үнэн юм уу, худал юм уу цэг тавимаар байна.

Иргэдтэй уулзсан ч хулгай ярьж байна. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр асуудлын нэг нь хулгай ярьж байна. Түр хорооны асуудал ярьж байна, сонсголын асуудал ярьж байна, хариу өгөх хүн байдаггүй. Хууль хяналтын байгууллага чинь байгаа юм бол энэ нь үнэн, энэ нь худал гэж дэнсэлмээр байна. Тэр хүмүүсээ дуудаж авч ирээд чуулган дээр суулга л даа, арай дэндэж байна шүү дээ.

 УИХ-ын дарга С.Бямбацогт:

УИХ-ын гишүүн тодорхой асуудлаар асуулга тавих, асуулт тавих, нийтийн сонсгол зохион байгуулах, Хянан шалгах түр хороо байгуулах гээд хууль зөрчиж байгаа болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар санаачлага гаргаад Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх боломж байгаа, тэр боломжоо ашиглахыг зөвлөе.

Ерөнхий сайд Н.Учрал:

Засгийн газар өөрөө мөрдөн шалгах алба биш гэдгийг сайн мэднэ. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийн байгууллагаас мэдээллийг шаардаж байгаа, хуулийн байгууллага ажлаа хийж, нийгэмд үүссэн хардалт сэрдэлтийг хоёр талд нь гаргах хэрэгтэй.

Хулгай дээрэмд холбогдсон, авлига ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд хуулийн байгууллагад очоод шалгуулах хэрэгтэй.

Гэм буруутай үгүй нь тогтоогдоогүй байж шударга үнэний дуу хоолой болж дээгүүр, доогуур гүйгээд байх хэрэггүй. Мега төслийг шалгах  ажлын хэсэг байгуулсан, тэрний ард ямар нэг ашиг сонирхол байвал хариуцлага тооцно шүү. Хуулийн байгууллага ажлаа хий.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг би сайн мэднэ, УИХ-ын дарга аа. Тэр хүмүүсийг УИХ томилсон, тэдэнд УИХ хариуцлага ярих боломжтой. УИХ мухардалд орсон, хулгайгаас өөр юм ярихаа больчихоод байна. Та байнгын хорооны хуралд орж үзсэн үү. Өчигдрийн хоёр Байнгын хорооны хурлын хоёр асуудлынх нь нэг хулгай яригдаж байна. Энэ улс чинь хөгжихөө байлаа, ард түмэнд найдвар байхгүй болчихлоо, итгэл үнэмшил байхгүй болчихлоо.

Ерөнхий сайд Н.Учрал:

Үнэн. Сүүлийн үед хулгайч хулгайчийг бариарай гэдэг боллоо. Ер нь бол авлигатай тэмцэнэ гэдэг ёс зүй ярина, хариуцлага ярина.  Ёс зүйтэй хүн хариуцлага ярьдаг. Одоо хэн нь ялгагдахаа болиод байгаа. Тийм учраас Засгийн газар шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагад гаргаж өгнө.  Мега төсөл нэрэн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно. Танил тал хамаагүй шүү.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

УИХ-ын хаврын чуулганаар Улсын ерөнхий прокурорын тайлан, мэдээллийг сонсох дэгтэй. Энэ үед гэмт хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл хийгдэх байх.  Түүнд гишүүд бэлтгэлтэй байж тодорхой асуудлыг ярьж гэмт хэрэг зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх, биенээ гүтгэсэн бол үнэн зөвийг нь ялгах ёстой.

УИХ-ын чуулганы танхимд гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй нэрийн дор биенээ гүтгэх, гэмт хэрэгт холбож ярих нь хэрээс хэтэрсэн. УИХ нь өөрсдөө үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг байх нь зохимжгүй байгаа. Шаардлагатай тохиолдолд дараа дараагийн хяналт шалгалтын арга хэрэгслийг ашиглах боломжтой.

Энэ яриа өнөөдөр УИХ-ын чуулганы  хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийн үеэр болсон юм.

Эх сурвалж: Politiko.mn

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn