ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг өнөөдөр мэдээлэл өгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шилжүүлсэн гэлээ.
Тэрээр:
“Цагдаагийн байгууллагаас Туулын хурдны замын 1-р тойрог, 2-р тойрог замын төслүүдийг шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гомдол мэдээлэлд шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгах явцад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий, гэр бүлийн хүн А-гийн болон А-гийн үеэл дүүгийнх нь үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид 5.6 тэрбум төгрөг, мөн найзынхаа үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжид 709 сая төгрөг, мөн гэр бүлийн хамаарал бүхий А-гийн аж ахуйн нэгжид 47.9 сая, нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн өгч, ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнасан байна. Ингэж мөнгө угаасан байж болзошгүй илэрсэн нөхцөл, байдал тогтоогдсон тул Авлигатай тэмцэх тухай хуулийн 4-р зүйлд заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 22-ийн 1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн харьяаллын дагуу АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн” гэв.
