Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчлан саатуулжээ

Нийслэлд хэрэгжиж буй дэд бүтцийн томоохон төслүүдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн.
Өнгөрсөн хагас сайн өдрийн үүрээр “Сэлбэ” дэд төвийн 234 тэрбумын тендерт хамаарал бүхий компаниараа шалгарсан гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын дэд дарга Ш.Мөнхсайхан нарыг АТГ-гаас баривчлан саатуулаад өчигдөр орой суллажээ.
Тэдний хамтран эзэмшдэг компани болох “Професионалстрой” нь Сэлбэ дэд төвийн тендерт албан тушаалын давуу эрхээ ашиглан шалгарсан байж болзошгүй асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр орой Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл тархсан бөгөөд улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай баривчлан саатуулжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайг эхнэр Б.Анхтуяагийнх нь нэр дээр бүртгэлтэй “Авангард Уран Дизайн энд Инженеринг” компани Туулын хурдны замын төслийн тендерээс 20 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх асуудалтай холбон шалгаж, байцааж эхэлжээ. Мөн төрсөн дүү Т.Мөнхдалай нь “Улаанбаатар метро” төслийг удирдаж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй юм.

Эдгээр үйл явдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр:
“Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм.
Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.
Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор

Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд” гэжээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn