Өчигдөр Нийслэлийн МАН-ын хорооны хурал боллоо. Уг нь энэ хурал олон сарын өмнөөс хүлээлттэй байсан. Гэвч тэр хүлээлтэнд хүрэх хурал болсонгүй ээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг хэдэн сар ярьж буй. Түүний оронд УИХ-ын гишүүн, ХББО-ны сайд Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох сонирхолтой нь мэдэгдэж байлаа.
Тэд бүр хэдэн сар сошиал хэрүүл хийж, нэгнийхээ эсрэг цуглаан жагсаал хийж, хийлгүүлж ирснийг ч олон нийт мэднэ. Тэгээд ч Х.Нямбаатарын эхлүүлсэн Туулын хурдны зам зэрэг төсөл хамгийн их маргаан, эсэргүүцэл дагуулж буй. Тиймээс Ерөнхий сайд уг төслийг зогсоогоод буй.
Энэ бүхнийг тооцоолон үзэхээр Х.Нямбаатарыг огцруулах, эсвэл огцруулах эсэхийг уг хурлаар ярих нь тодорхой гэлцэж байлаа. Гэвч тийм юм болсонгүй. Харин Х.Нямбаатартай өрсөлдөх юм яриад байсан Э.Бат-Амгалан хуралд очсонгүй. Х.Нямбаатар өөрийн МАН-ын хорооны дарга болоод 2 жил орчим хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ.
Энэ тухайгаа хурлынхаа дараа Засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, тайлан илтгэл тавьсан. Хоёрдугаарт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан. Гуравдугаарт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Зохион байгуулалтын асуудал нь нээлттэй яригдсан. Даргыг сонгох, өөрчлөх, өөр хүн нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн. Өөр нэмэлт асуудал хэлэлцүүлэх хүн гараагүй.
Зохион байгуулалтын асуудлын хүрээнд Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээс Н.Учрал даргыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон М.Говьсайханыг нөхөн сонгосон. Мөн намын дэд даргаар ажиллаж байсан Б.Галцогийг чөлөөлж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Баярмөнх, Нийслэлийн МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга н.Цэнд-Аюуш нарыг намын хорооны дэд даргаар нөхөн сонгосон.
Нийслэлийн намын хорооны хоёр гишүүн нас барсан. Мөн хэд хэдэн гишүүн төрийн болон дипломат албанд шилжин ажилласан. Намын хорооны хураамжаа найман улирал төлөөгүй 18 хүнийг чөлөөлж, оронд нь 18 хүнийг шинээр сонгосон. Намын хорооны гишүүд Туулын хурдны замыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үг хэлсэн гишүүн бүр энэ асуудлыг хөндөж ярьсан.
Нийслэлийн намын хорооны хурал 70 орчим хувийн ирцтэй болсон. Энэ хуралд Э.Бат-Амгалан оролцоогүй.
Нийслэлийн намын хороо ойрын хугацаанд дахин хуралдахгүй, намраас хуралдана. Намын дүрмийн дагуу аймаг, нийслэлийн даргыг намын хорооноос томилж, чөлөөлдөг. Надтай өрсөлдөх хүн байгаагүй учраас “намайг огцруулж өгөөч’ гэж хэлэх боломжгүй” хэмээсэн.
