Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд “Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар эрдэмтдээс тавьсан үндэслэлүүдийг хүлээн авах ёстой. Мөн “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байна” гэж мэдэгдсэн билээ.
АТГ-аас уг асуудлыг тодруулахад “Нэр бүхий хүмүүсээс Туулын хурдны замтай холбоотой гомдол ирсэн. Уг гомдлын дагуу энэ сарын 20-ны өдөр “Туулын хурдны замтай холбоотой асуудалд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг нээсэн” гэв.
Харин өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны замыг зогсоосон хүмүүсээс алданги, хохирол нэхэмжлэх үе шат ирэх байх. Юм болгон цаг хугацааны дараа хэмжигдэнэ” хэмээсэн.
