Ардчилсан намын гишүүн Я.Санжмятав, Д.Одхүү нар албан ёсоор Иргэний зориг-Ногоон намд элссэн хэмээн зарлалаа. Тэд бол Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож, УИХ-ын гишүүн болж, тойрог төлөөлж байсан.
Бүр 2004 онд М.Энхсайхан АН-ын дарга байхдаа Я.Санжмятав, Д.Одхүү нарт тойрог өгөөгүйгээс бие даан нэр дэвшээд УИХ-д сонгогдож байсан. Мөн Р.Амаржаргал ч тэдэнтэй адил Баянгол дүүргээс бие даан сонгогдож байсан билээ.
Тэгвэл энэ удаа Я.Санжмятав, Д.Одхүү нарт “шинэчлэгдэж” буй гэх АН-д орон зай байхгүй мэт санагдсан уу сонголтоо ИЗНН-д элссэнээр харууллаа. Харин тэдний очсон ИЗНН нь эдүгээ УИХ-д жагсаалтаар орсон 4 гишүүнтэй ч тэд нь 2:2-оороо хуваагдчихаад байгаа.
Б.Батбаатар Р.Батболддоо арай ч намаа алдчихгүй бололтой. Өмнөх Засгийн газарт байсан тус намыг хуваагдсан учраас Н.Учрал шинэ танхимдаа үлдээгээгүй. Гэхдээ тус нам цэгцэрч чадвал ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаана нь 2028 оны УИХ-ын сонгууль гээд өрсөлдөөнд орох боломж олон бий.
АН-ын шинэ Үндэсний бодлогын хороо, Хяналтын Ерөнхий хороо зэрэгт сонгогдож чадаагүй хуучин кадрууд нь ийнхүү ИЗНН-д орж эхэлж байгаа нь энэ. Тэдний араас дагах улстөрчид цөөнгүй байх болов уу гэсэн улстөрийн ажиглагчид олон байна.
