УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэв

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал даргалсан байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэв. Төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулга хийсэн.

Танилцуулгад дурдсанаар, одоогийн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зарим зохицуулалт нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж, хэрэгжилт тодорхойгүй байдал үүсгэж байгаа аж. Ялангуяа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ “хүлээн зөвшөөрөх” шаардлагатай гэж заасан нь Үндсэн хуулийн “цэцийн шийдвэр шууд хүчин төгөлдөр болно” гэсэн зарчимтай нийцэхгүй байгаа асуудлыг онцолсон. Мөн гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хэрхэн эгүүлэн татах механизм тодорхой бус байгааг дурдсан.

Хуулийн төслийн гол зорилго нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэлийг илүү тодорхой болгоход оршиж байна. Үүнд:

Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, чуулганы ирц, санал хураалтад хангалтгүй оролцсон зэрэг нөхцөлүүдийг тодорхой тусгахаар тусгажээ.

Ингэснээр гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд төслийг дэмжиж, цаашид сайжруулах шаардлагатай гэж үзсэн бол нөгөө хэсэг нь хууль зүйн хувьд эргэлзээтэй гэж байр сууриа илэрхийлжээ. Иймд намын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, төслийг илүү боловсронгуй болгох санал гарсан.

Эцэст нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn