Г.Занданшатарын Б.Чойжилсүрэнд өгсөн хугацаа дуусч байна

Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нэээгдэнэ. Хаврын чуулган нээгдмэгц Засгийн газартай тооцоо бодохыг хүсч яваа улстөрчид, бүлэглэлүүд идэвхжих болно. Үүнийг өнгөрч буй гурван сарын улстөрийн байдал харуулж байгаа.

УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газар дэд сайдуудыг томилсон учир огцруулна хэмээн өөрийн албан бланкад УИХ дахь бүлгийнхээ гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн ч тэгсгээд чимээгүй болсон.

Тэгвэл УИХ-ын чуулган завсарласнаас хойш зарим салбаруудад нөхцөл байдал хүндэрч Засгийн газрын тухайн салбарыг хариуцсан сайд нарт хариуцлага тооцох асуудал дээр дооргүй яригдаж эхэлсэн.

Тухайлбал, эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг тавьсан.

Ө.Шижирийн АН-ынх нь ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан дэмжиж мэдээлэл хийх үеэрээ “Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг сайдаас нь эгүүлэн татахгүй бол үндэсний хэмжээнд ЗГ-т хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

Уг байдалтай холбогдуулан 1-р сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбарынхаа асуудлуудыг “цэгцлэх” 30 хоногийн хугацааг Ерөнхий сайд өгсөн юм.

Б.Чойжилсүрэнд өгсөн энэхүү сарын хугацаа нь баасан гаригт дуусах гэж байна. Энэ хугацаандаа сайд салбараа цэгцэлж  чадав уу. Уг нь Ерөнхий сайд цэгцрэх хөдөлгөөн өрнүүлдэг ч эрчим хүчний салбарт цэгцэрсэн юм огт алга.

Эсрэгээрээ Б.Чойжилсүрэн өөрийгөө их ажил хийсэн хэмээн ТВ-ээр пиардуулсаар байгаа. Улстөрд ойрхон эх сурвалжуудын ярьж байгаагаар Б.Чойжилсүрэн нөгөө төрд хэрэгтэй зайран гээч шиг байдаг юм байх.

Мань сайд МАН-даа байнга хандив өргөж, түүнийхээ хүчинд ямар ч үед сайдын суудалд байнга сууж байдаг гэлцэнэ. Уг нь тус салбарыг аваад явчих элдэв эрх ашгийн зөрчилгүй, мэргэжлийн хүмүүс байж л байгаа гэх. Гэвч Б.Чойжилсүрэнгийн угждаг мөнгөнд хэт орсон нөхдүүдэд түүнийг буулгах “зориг” байдаггүй тухай ордны хов жив тасрахгүй явсаар ирлээ.

Эх сурвалж: politiko.mn

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn