Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих хуулийн хугацаа болоогүй

Энэ онд Монгол улсын улстөрийн амьдрал тэр чигээрээ огцруулах, томилох хэмээх хоёр асуудлаар өрнөлөө. Оны зааг дээрх энэ хэдэн өдөрт ч Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ дахь сөрөг хүчин болох АН, түүний дарга О.Цогтгэрэл нар тавихаар шийджээ.

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдсаны дараа намынхаа болон УИХ дахь бүлгийнхээ дарга О.Цогтгэрэл “Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээрээ өргөн барина” гэж мэдэгдээд байна.

О.Цогтгэрэл нар Ерөнхий сайд Г.Занданшатарт дэд сайд нарын томилгоог эргэн харж, эргүүлэн татах 7 хоногийн хугацаа өгч байгаа аж.

О.Цогтгэрэлийн энэхүү Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүд эхнээсээ гарын үсэг зурж эхэлжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гарын үсгээ зурсан төдийгүй УИХ дахь намын гишүүд бүгд энэ бичигт гарын үсэг зурах ёстой гэлээ.

Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих хуулийн хугацаа болоогүй байгаа ажээ. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар буюу “Засгийн газраас Улсын Их хурал, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах” заалтын

26 дугаар зүйлийн 3-т заасан “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг дэмжсэнд тооцно. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй”.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Улсын Их Хурал өөрт нь итгэл хүлээлгэж байгааг нотолсон болон огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Засгийн газар уг асуудлыг өөрөө санаачлан авч хэлэлцэхгүй” гэсэн заалтуудаар огцруулах асуудал тавих цаг болоогүй ажээ.

Учир нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг “огцруулах” бичгийг санаачлан, 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зурснаар тухайн үеийн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн мэдүүлсэн нь 10-р сарын 7-ны өдөр билээ. Мөн Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 10-р сарын 17-нд хэлэлцэж огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 111 гишүүний 71 нь дэмжээгүй тул Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95-р тогтоолыг батлагдсанд тооцсон. Гэвч ҮХЦ 10 дугаар сарын 20-нд УИХ-ын уг тогтоолыг болон УИХ-ын дэд даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн юм. Тэгэхээр энэ удаа огцруулах асуудлыг тавих хуулийн хугацаа болоогүй нь ойлгомжтой байна. Харин ирэх 2026 оны 4 дүгээр сард огцруулах асуудлыг дахин оруулж ирэх боломж нээлттэй болох аж.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn