Ц.Тувааны үед АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ш.Ганхуягийг 2.5 тэрбумын хахуулийн хэргээр хорьж шалгаж байна

Авилгатай тэмцэх газраас АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан Ш.Ганхуягийг 2.5 тэрбум төгрөгийн хахууль авсан хэргээр хойшлуулшгүйгээр хорин шалгаж байгаа аж.

Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан “Олон овоот”-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн захирал агсан Г.Алтангийн том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэнэ.

Тэр ийнхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Эдвард Сүрэн нараас 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, энэ мөнгөөрөө барилга барьжээ. Тиймээс “Алтжин” группийн Эдвард Сүрэн, АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг саатуулан шалгаж байгаа ажээ.

Ш.Ганхуяг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Тувааны “Туваан” сангийн тэргүүнээр ажилладаг. Ц.Туваан сайдын үед АМГТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Тиймээс уг хэрэгт УИХ-ын Ц.Тувааныг ч оролцсон байж магадгүй хэмээн шалгаж байгаа сурагтай.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn