МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын даргад намын дарга, ЭЗХ-ийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул “Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  82.5 хувь нь дэмжлээ. Иймд хуралдаан даргалагч “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулсан. Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ.

Н.Учрал “Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, эх ундаргатай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж, хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлээд ард түмний элч, төлөөлөгчдийн олон ургалч, үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллийн оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно гэв.

Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг гагцхүү шударга ёсонд суурилсан, эв эеэ хичээн, улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая. Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүн шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотголоо.

Түүнчлэн тэрбээр, Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч, төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж, зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус, улс орны ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь та бидний онцгой үүрэг юм. Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжид хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах, эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллахыг уриалсан”.

Н.Учралын ажилласан байдлын танилцуулбал:

2007-2008 онд

Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга

2010-2016 онд

Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2012-2014 онд

Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2015 онд

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх

2010 оноос

Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч

2015 оноос

НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2015 оноос

Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч

2019 оноос

НАМЗХ-ны ерөнхийлөгч

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018-2020 онд

Цахим бодлогын түр хорооны дарга

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2022 онд

Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оноос

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn