Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Иран,Канад улсын Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барьжээ

Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдолреза Рахмани Фазли Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд Абдолреза Рахмани Фазлийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх онд тохиож буйг дурдаж, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.

Түүхт ойн хүрээнд соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, музей хооронд хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан үзэсгэлэн гаргах зэрэгт Элчин сайдыг хүч чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Абдолреза Рахмани Фазли, Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсон нь нэр төрийн хэрэг гэдгийг тэмдэглэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг онцоллоо.

Харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг харилцан ашигтай салбарт өргөжүүлэхийн  чухлыг  тэмдэглэв.

Элчин сайд С.Дауст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-ы мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Канад Улс 1973 оны 11-р сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn