Г.Занданшатар одоо л зөв алхмаа хийж эхлэв

МАН-ын даргын сонгууль явуулсан Бага хурлын маргаан цаашид ч үргэлжлэх биз. Гэхдээ найман жил МАН-ын генсекээр ажилласан Д.Амарбаясгаланг Бага хурал дээрээ бараагүй Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр хоног чимээгүй байсны эцэст өчигдөр сумаа тавилаа.

Энэ “сумаа” яагаад Бага хурлаас өмнө, эсвэл Бага хурал дээрээ өөрөө тавиагүй вэ гэвэл тэрээр шийрэгнээд байсан болов уу.

Г.Занданшатар бол тогтолцоог дэмждэг, хувь хүний хувьд зөөлөн талдаа, асуудлыг арга эвээр зохицуулах гэж үздэг улстөрч.Түүний сул тал гэвэл хэтэрхий нэг талын буюу Ерөнхийлөгчийн фракцынх. Гэхдээ тэрээр  эрх баригч МАН-ын болон Ерөнхий сайдын эрх мэдлээ хамтад нь авахгүй бол Л.Оюун-Эрдэнийг огцруулсны хэрэг гарахгүй.

Намынхаа Бага хурлаас өмнө ч,Бага хурал дээрээ ч дээрх асуудлаар тодорхой бус, Засгийн газрынхаа 100 хоногийн ажил гэх мэтийг хамж шимж ярьсан  нь Г.Занданшатарыг улс төрийн манлайлалгүй байна хэмээх яриа гарахад хүрсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үнэхээр нүүрсний хэрэгт холбоотой бол түүнийг сошиалаар, эсвэл хөндлөнгийн хүмүүсээр яриулах нь Г.Занданшатарын хувьд буруу тактик байв. Учир нь өмнөх хэдэн жилд сошиалаар, нэр бүхий улс төрчдийн амаар маш их хэрэг яригдсан ч нэг нь ч шийдэгдээгүй. Хүмүүс энэ бүхэнд итгэлгүй болчихсон гэсэн үг. Харин огт хэрэг ярьж байгаагүй Г.Занданшатар ямар нэг попролгүй гарч ирээд ярих нь 100 хувь биш юмаа гэхэд ядаж 50 хувь үнэмшилтэй.

Тэрээр өчигдөр л жинхэнэ манлайллаа үзүүллээ. Улс төрийн өрсөлдөөнд ороход зориг хэрэгтэй, бас институцийн хүрээндээ тоглохыг цаг үе шаардсаар байна.  Институц дотроо буюу эхлээд нам дотроо зөөлөн аргаар  тоглохыг Г.Занданшатар анхнаасаа зорьсон нь зөв. Гэсэн ч амжилт олоогүй.

Тэгвэл үүнээс хойш өөрийнхөө гарт буй эрх мэдлээр буюу Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг ашиглахаар зориглосон нь түүний хувьд зөв алхам.

Ерөнхий сайдын хувьд Хууль зүйн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох нь нэг талаас зөрчил, тэмцлийг хэтэрхий их өдөөж буй мэт санагдавч, нөгөө талаас энэ бол Г.Занданшатарын боломж.

Түүний эрх мэдэлд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн хууль, хяналтын байгууллагууд бий. Авлигатай тэмцэх нь Ерөнхий сайдад оногдсон үүрэг гэдэг утгаараа  Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилдог болсон. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ энэ боломжоо бодитой ашиглаж чадаагүй нь бас үнэн.

Одоо Г.Занданшатар энэ хүрээндээ л ажиллах хэрэгтэй.

Тийм ч учраас нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд   нүүрсний сонсгол зохион байгуулсан  УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо мэдэгдэв.

Хууль зүйн яам үнэхээр л шударга ёсыг тогтоох яам мөн юм бол одоо тэгээд шударга ёсны төлөө ажилла. Гэхдээ улс төрийн зорилгоор хүн хэлмэгдүүлж болохгүй. Зөвхөн Д.Амарбаясгаланг шалгаад, яриад байж болохгүй.

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө АТГ-аас зарласан нүүрсний 14 хэрэгтэн хааччихав? Юу болчихов?  гэдгийг бас хамтад нь шалгаад, хариу өгч, хариуцлага тооцох хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд ард түмэн төрд итгэх итгэлээ алдсан нь хэн ч хариуцлага хүлээдэггүйд байв. Ерөнхий сайд Г.Занданшатар одоо өөрт байгаа боломж, эрх мэдлээ ашиглаад нүүрсний хэргүүдийг мухарлаад өгмөөр байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn