
Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүн Б.Бейсен “Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад өвөлжилт хүндрэх нь. Ан амьтан ихээр хорогдох төлөвтэй байна. Ховд голын эргээр буга ороод ирчихсэн, аргаль, угалз ихээр үрэгдэх хандлагатай байна.
Тиймээс ан амьтан нэмж буудуулах тал дээр байгаль орчны сайд ямар арга хэмжээ авах гэж байна. Тэртээ тэргүй зуд болоод үрэгдэнэ. Тиймээс ан амьтан агнах зөвшөөрлийг нэмж, төсөвт төвлөрүүлэх талаар төлөвлөж байгаа зүйл байна уу” гэж салбарын сайдаас асуухад Б.Батбаатар сайд “үгүй” гэсэн хариултыг өглөө.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Байгалийн нөөц, ан амьтны тоо толгойг судлаад зохистой ашиглалтаар хэдийг агнах вэ гэдэг квотыг гаргадаг. Энэ 2025 оны хувьд энэ тоог гаргаад баталчихсан. Үүнийг Засгийн газрын тогтоол болон бусад журмын хүрээнд гаргадаг учраас одоо зуд болох нь гээд ан амьтан нэмж агнах боломжгүй” хэмээн хариулсан юм.