
Аливаа улс төрийн намын хувьд сөрөг хүчин болно гэдэг өөр рүүгээ, дотоод үйл явц руугаа өнгийх боломж. АН-ын хувьд хамтарсан Засгийн газраас гарснаас хойш ямартай ч тус намын дарга Лу.Гантөмөрийг солих асуудал яригдаж, улмаар Үндэсний бодлогын хороо болон Их хурлаа хуралдуулахаар товоо тогтоожээ. Эдгээр хурлуудаар намынхаа дүрмийн өөрчлөлт болон намын дарга, бусад удирдлагын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх аж. Гэхдээ “ АН гэж яг намын утгаараа байна уу, бүлэглэлүүдийн барьцаанаас яаж гарах вэ” гэсэн асуулт, шүүмжлэл байнга тавигдаж байгаа үед айсуй хурлуудад, тэндээс гарах шийдвэрт, ялангуяа тус намыг хааш нь ч залж мэдэх намын даргыг тодруулахад жирийн гишүүдийн оролцоо байна уу гэдэг эргэлзээтэй.
ШАХУУ ЗАРЛАСАН ХУРАЛ
АН-ын Улс төрийн зөвлөл энэ сарын 20-нд хуралдаж, Үндэсний бодлогын хороогоо найм хоногийн дараа буюу энэ 28-нд хуралдуулахаар зарлажээ. Уг шийдвэрийг гаргахад АН-ын дарга Лу.Гантөмөр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухай тус намын Фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна. ҮБХ-ны хурлаас гурав хоногийн дараа буюу энэ сарын 31-нд ээлжит Их хурлаа хийхээр товложээ. Дотоод асуудал ихтэй, улс төр-эдийн засгийн нам дамнасан бүлэглэлүүдийн барьцаанд орсон АН-ын хувьд найм ба гурав хоногийн зайтай хурлуудаа хийх нь маш бага хугацаа юм.Өөрөөр хэлбэл, хурлын бэлтгэл хангах хугацаа байхгүй. Нэгэнт хугацаа байхгүй учраас жирийн гишүүд оролцох боломжгүй. Жирийн гишүүд оролцохгүй учраас шинэчлэгдэхгүй, тус намыг зарж идэж буй бүлэглэлүүдийн наймаан дунд асуудал шийдэгдэх буй за.
БҮЛЭГЛЭЛ, ФРАКЦЫН НАЙМАА
АН болон МАН ардчилалтай байх гэж оролддог, намын гишүүд нь ч идэвхтэй байхад бараг 2-3 сарын өмнөөс хурлаа зарлаж, тухайн хугацаанд намын дүрмийн өөрчлөлт болон даргын асуудлаа бүх гишүүдээрээ хэлэлцүүлдэг байлаа.Яг тэр цагийнх шиг бүх гишүүдийг хөдөлгөдөг үйл явцыг эргэж сэргээх нь энэ цагийн намууд шинэчлэгдэх эхлэл болох буй за. Түүнээс биш, “Женко”-гийн болон Ц.Элбэгдоржийн, С.Эрдэнийн хүмүүс хоорондоо “үзэлцэж” байснаа ханцуй дотроо наймаалцаад явчихвал шинэчлэл биш, бүлэглэлийн гарт улам лав орох хэрэг болох биз ээ.
АН-ыг бүлэглэлд барьцаалагдаагүй, эсвэл МАН-ын тоглоомонд ороогүй гэж хэн ч хэлэх боломжгүй. Тун саяхны, халуухнаараа байгаа түүх бол “Женко” Х.Баттулга тус намыг 2024 оны сонгуульд “базаж” ороод, хамтарсан Засгийн газар байгуулсан явдал. Ингэхдээ өөрийн гарын хүн О.Алтангэрэлийг Хууль зүйн сайдаар томилуулж, байсхийгээд л MCS хэмээх дайсны тухай мэдээлж, түүнтэй зэрэгцээд албан бусаар Х.Баттулгын хүмүүс нийгмийг хуваах, айдас хүйдэст автуулах ажлыг хийсэн нь нууц биш. Энэ мэт явдлыг эсэргүүцсэн МАН, АН-ынхан хамтарсан Засгийн газрыг огцруулж, өнөөдөр АН хурлаа хийхээр болсон нь ч үнэн билээ.
“Женко” Х.Баттулгынхан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн талтай хавсарч явдаг бол нөгөө хуучин МАНАН-гийн талынхан нь МАН-ын нөгөө талтай хамтарч яваа нь бас л үнэн. Тийм л учраас бүлэглэлийн барьцаанд орсон намаа аврах нь АН-ын шинэчлэлийн гол утга учир баймаар. Гэвч өнөөдөр гишүүдийн оролцоо хангалтгүй, хэдхэн хүний л эрх ашиг дахин баталгаажих дүр зураг харагдаж байна.
ДҮРЭМ ЧУХАЛ УУ, ДАРГА ЧУХАЛ УУ?
АН-ын “АРДЧИЛСАН НАМ” гэсэн нэртэй фэйсбүүк хуудасны нүүр зурган дээр “Эв нэгдлээс институт” гэсэн бичиг бичжээ. Юутай ч нам бол институт буюу нийгмийн харилцааг зохицуулдаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам, бүтэц, үйл ажиллагаатай, төр ба ард түмэн хоёрыг холбогч гүүр гэдгээ мэддэг хүн дээрх үгийг бичжээ.
Гэхдээ АН ч, МАН ч ардчилсан тогтолцооны хамгийн чухал, өөр юугаар ч орлуулашгүй эс гэдгээ мартсанаас Монголд улс төрийн намууд нийгмийн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон.
Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд дүрмээ шинэчилж, улмаар хэрэгжүүлдэг дотоод механизмаа хүчирхэг болгох шаардлагатай. Намынхаа жирийн гишүүдийн оролцоо, хяналтаар үүнийг хийхээс өөр аргагүй. Гэвч өнөөдрийн байдлаар бүлэглэл, фракцууд л хоорондоо “үзэлцээд” байхаас гишүүдээ оролцуулахгүй байна.
Олонхид хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журамтай, түүнийгээ тогтвортой дагах механизм буюу хяналттай улс төрийн нам бол АН-ын фэйсбүүктээ бичсэнчлэн институтын шинжтэй нам юм. Дүрэм чухал уу, дарга чухал уу? гэхээр мэдээж дүрэм чухал. Ямар ч манлайлагч, ухаантан дарга боллоо гээд дүрмээ хэрэгжүүлдэггүйн балаг нь өнөөдрийн үүргээ гүйцэтггэх чадамжгүй болсон улс төрийн намууд билээ.
Эх сурвалж: PolitikoMN