
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ.
Бусад улстөрийн намуудтай хамтран ажиллах уу, ярилцах уу? Гэсэн асуултад Г.Занданшатар “УИХ-д суудалтай улс төрийн намуудтай ярилцаагүй ээ. Үндсэн хуулийн 39.3-ын дагуу Ерөнхий сайд энэ асуудлыг ярьдаг аа. Би томилогдоогүй байгаа учраас тийм юм ярих бололцоогүй. Хэрэв УИХ-аар томилогдвол ярилцах эрх үүсч, УИХ-д суудалтай намуудтайгаа хамтын ажиллагааны талаар ярилцана. Ярилцах, ярилцахгүйгээ бас шийднэ.
Нэг юмыг хатуу хэлэхэд, Монгол Улсын эрх ашгийн төлөө аливаа төсөл дээр заавал Засгийн газарт орсноороо ч хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүд, намын бүлгүүд, намууд, Монгол Улсад хэрэгтэй сайн зүйлийн төлөө нэгдэж хамтарч ажиллах ёстой. Буруу зүйлийг нь шүүмжилж байх ёстой.
Хамтын ажиллагаа гэдэг бол их илүү өргөн утгатай ойлголт.
Ийм учраас Монгол Улсын эрх ашгийн төлөө бол хэнтэй ч хамтарч ажиллана. Монгол Улсын эрх ашгийн эсрэг бол одоо хэнтэй ч гэсэн бид эсрэг үг дуугарч, тэмцэх ёстой гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, санал хураахад 19 гишүүнээс 84 хувь нь дэмжлээ.