Дараагийн Аль-Кайда, Исламын улс байгуулагдан томрох шимт хөрс Сири болох уу

Өнгөрсөн долоо хоногийн дэлхийн хамгийн гол үйл явдлын нэг нь Сири улсад Башар Асадын дэглэм бүрэн унасан явдал боллоо. Башар Асад өөрийг нь ивээн тэтгэж ирсэн Орос руу зугатаж орогнол хүссэн. Башар Асадын дэглэм уначихлаа одоо Сирид ардчилал тогтчихно, гоё улс болно хэмээн шаагилдцгаах. Ингэж үзэж байгаа ихэнх ажиглагчдын үзлээр бол Сири Ирак шиг дорхноо хөгжиж дээшилж яваа улс болох байх хэмээх таамаглал.

Гэхдээ байдал шал өөрөөр ч эргэж болох юм. Үүнийг авч үзэхийн тулд түүх сөхөцгөөе л дөө. Тэртээ 1979 онд тухайн үеийн ЗХУ Афганистан цэргээ оруулсан. Л.И.Брежневийн зогсонги үед болсон уг хэрэг явдал дэлхийг хоёр хуваагаад байсан хүйтэн дайны уур амьсгалд өрнөж байсан. ЗХУ афганд можахедуудын эсрэг тэмцсэн бол АНУ далдуур тэднийг зэр зэвсэгээр хангасан. Энэ дунд Аль-Кайда ч, Афганы одоогийн эзэд болчихоод байгаа Талибан буюу лалын оюутны хөдөлгөөнийхөн ч байсан. ЗХУ 10 жил ноцолдоод баралгүй гарч одсон.

ЗХУ цэргээ гаргахад орон зайд нь можахедууд бус Талибанчууд гар ирэн Афганистаныг эзэмшиж бөлгөө. Тэдний 2001 он хүртэл Афганистаныг ямар болгосныг та бид сонсож, үзэхээрээ л нэг болсон. Талибан хөдөлгөөн хамтрагч Аль Кайда, түүний удирдагч Осама бен Ладеныг АНУ-д болсон 2001 оны аймшигт халдлага хийхэд хүртэл дэмжсэн. Ингээд АНУ өшөөгөө авч, Афганыг сайхан болгох гээд цэргээ оруулсан. Бүтэн 20 жил Афганд цэргээ байрлуулсан АНУ, барууныхан гарлаа дахиад л Талибан хөдөлгөөнийхөн Афганыг өдий болтол захирсаар л байна.

Одоо энэ түүх Сирид давтагдах уу, үгүй юу гэдгийг бид бүхэн харна. Сирид хэдий Башар Асадын дэглэмийг унагалаа хэмээн дэлхийгээр нэг орилолдож байгаа ч тэнд дараагийн террористууд дэлхийг тэр дундаа АНУ, Европынхныг дэлбэлэх бааз бэлдэж эхлэв үү дээ.

Яагаад гэдэгт хариулж ядах юм алга. Саяхан л тус орноор дүүрэн язганаж, тус улсын дотор Исламын улс хэмээхийг байгуулж, түүний бүрэлдэхүүнд дайтаж явагсад, Аль-Кайдагийн дайчид гээд эсэн бусын нөхдүүд тэр чигээрээ байгаа. Тэдний нүдэнд өөрсдийг нь ивээн тэгэж ирсэн АНУ, барууныхан тарган цатгалан харагдаж байгаа. Удахгүй тэд Башар Асадаас илүү дайсагнах магадлалтай мэт.

Харин тэр дараагийн Ирак болох уу гэдэг дээр бол хэцүү байх нь тодорхой. Учир юу гэвэл Сири улсад Ирак шиг газрын тос, байгалийн нөөцийн асар их баялаг үгүй юм. Мөн иргэдийнх нь гар дээр дэлхийн зэвсэг үйлдвэрлэгчдийн бүхий л үйлдвэрийн зэвсэг олон мянга, бүр олон саяар хадгалагдаж байгаатай холбоотой.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn