Ойн 100 жилээр хэн юу хэлэв?

Монгол Улсад Ой, модны  салбар үүсэж хөгжсөний түүхт  100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

1924 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр Аж ахуйн явдлын яаманд байгуулагдсан зургаан хэлтсийн нэг нь Ой,модны хэлтэс байв. Ингэж Монгол Улсад Ой, модны салбар төрийн тогтолцооны хувьд бэхжих, хөгжих суурь тавигджээ.

Өнгөрсөн даваа гарагт болсон баярын хурлын үеэр хэн юу хэлснийг түүвэрлэн хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 84  сая мод тарьсан байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь нэг талаасаа ойн салбарыг дэмжиж багйаа төрийн бодлого юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо байгаа ойн сангаа нөхөн сэргээж, тэлж ургуулах, иргэдийн амьдарч буй хот суурин газарт мод тарьж ойн аж ахуйг агро ойн аж ахуйтай хослуулан өргөжүүлэх нь нэн чухал.

Цаашид тэрбум, тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах тогтолцоог бүрдүүлж, эх байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэл зүйг ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь монголчууд бидний эрхэм үүрэг юм. Мод тарьснаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангана, манай улсын байгаль цаг уурын нөхцөл байдал сайжирна.   Байгаль орчны асуудал бол дэлхий нийтийн хүн төрөлхтөний, улс орнуудын хамтын үйл ажиллагаа шаардлагатай  асуудал юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 84,1 сая мод таригдаж, мод сөөгийн үрийн нөөц 12,1 мянган тонн хүрч, тарьц суулгацын нөөцийг 63 саяд хүргэсэн нь өмнөх онтой харьцуулахад 5 дахин нэмэгдсэн байна. Мөн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мянган га талбайд хийж гүйцэтгэ, 1,9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөхөөс урьдчилан сэргийлсэн байна.

Монгол Улсын  Хөдөлмөрийн баатар Б.Жамсран: Сайн  чанарын үр, тарьц суулгацаа ургаа мод болгох нь чухал

Миний бие 1982 онд аймгийн ойн агнуурын аж ахуйн даргаар томилогдон ажилласан. Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд 3 удаагийн түймэр гарсан. Түймрээс үүдэн 14 га талбай нүцгэн тал болсон. Тэрийг ойжуулах нөхөн сэргээх миний хариуцаж байсан байгууллагын үндсэн үүрэг даалгавар байсан. Хамт олон, түмэн олон, арван жилийн хүүхдүүдийн хүчээр 1991 онд 7,7 мянган га талбайд 22 сая модыг тарьж, ургуулан  улсын ойн санд  хүлээлгэж өгч байсан.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш Сэлэнгэ аймагт мод тарих хөдөлгөөн маш их өрнөсөн. Мод тарьж ургуулна гэдэг их чимхлүүр ажил л даа. Одоо мод үржүүлгийн олон газар байгуулагдаад жилд хэдэн зуун саяар тарьц суулгац бойжуулж байна. Хамгийн гол нь сайн чанарын үр тарьц суулгаж бойжуулаад тэрийгээ ургаа мод болгох нь чухал асуудал.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: 2025 оныг байгаль орчны салбарын ажиллагсадын эрхийг хамгаалах жил болгоно

Тэрээр Ой, модны салбарын түүхт 100 жилийн ойн баярын хурлыг нээв.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь бидний эрхэм зорилт болж байна. Энэ шаардлагыг бодитойгоор олж харж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, монголчууд тэр дотроо ойчид бидний эрч хүчийг нэмэгдүүлж, дэлхий нийтийн анхаарлыг их эзэн Чингисийн өлгий нутгийн зүг хандуулж чадсан Монгол төрийн тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч Танд энэ түүхт баярын өдөр баярлалаа гэж хамт олныхоо өмнөөс илэрхийлье.

Түүнчлэн энэ хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн төлөө манлайлан ажиллаж байгаа ойн салбарынхны нөр их хичээл зүтгэл, бүтээлч санаачилга, дотоод гадаадын дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааны үр шим гарч байгаад баяртай байна.

Ой болон агнуурын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор “Ойн тухай”, “Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” “Тусгай ан агнуурын тухай” хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн ойжуулах, нөхөн сэргээх, мод үржүүлгийг үлэмж нэмэгдүүлэхийн тулд агро ойн аж ахуйг хөгжүүлэх, газар тариаланг хамгаалах ойн зурвас байгуулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг чанартай хийх, үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, урамшуулах тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Бид үеийн үед байгаль орчноо хамгаалахын төлөө анхаарч ирсэн хэдий ч түүний төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн мянга мянга ажиллагсадынхаа эрүүл мэнд, мэргэжил боловсрол, ажиллах нөхцөл, ахуй амьдралд нь тавих анхаарал нэн сул байсныг хэлэх хэрэгтэй.

Тийм учраас миний бие парламентын гишүүн, БОУАӨ-ийн сайдын хувьд, эмэгтэй хүний хувьд 2025 оныг байгаль орчны салбарын ажиллагсадын эрхийг хамгаалах, ажиллах орчныг сайжруулах, амьдралын түвшинг дээшлүүлэх, ганц хоёр том компани гэлтгүй салбарын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг тэтгэх жил болгон зарлах болно. Мөн төрийн зарим чиг үүргийг ТББ болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод руу зоригтой шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа:  Өмнө нь МУИС-д дөрөв, таван оюутан суралцаж байсан бол одоо 50 гарсан

1924 онд ой модны суурь дөрвөн  ойн ангийг байгуулж байсан. Тэр цагаас хойш улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтад чиглэсэн мод, модон материалын хэрэгцээг хангах  чиглэлд голлон  анхаарч ажилласан. 1956 оноос ойн тооллого бүртгэлийг хийж нөөцөө нарийвчлан тодорхойлж гаргасан. Цаашлаад 1987 онд Ой, модны аж үйлдвэрийн яамыг байгуулж  байсан. 1990 оноос хойш ойг хамгаалах, нөхөн сэргээх үзэл  баримтлал, биологийн олон янз байдалтай холбож үйл ажиллагаагаа явуулах зохион байгуулалтууд нэлээд түлхүү орж ирсэн. 2000 оноос хойш дэлхий нийтийн чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Ойг хамгаалахын зэрэгцээ  ашиглах ч хэрэгтэй.

Ашиглахдаа  зөв зохистой ашиглах хэрэгтэй гэдэг биологийн олон янз байдал, ойн бусад экосистемүүдийг харгалзан үзэж зохицуулалт хийх ёстой гэсэн чиг хандлага гарч ирсэн.  Манай ойн салбар яг энэ орчин үеийн чиглэлээр хөгжиж байна.  Ой, модны салбарын 100 жилийн өмнөхөн Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрыг сэргээн байгуулсан.

Энэ салбарт хүний нөөц маш чухал. Тийм учраас ойн салбарын хүний нөөцийг бүрдүүлэхээр олон хувилбаруудыг гаргаж байна. Тухайлбал, өмнө нь бакалаврын боловсрол эзэмшсэн бол хоёр  жилийн богиносгосон хөтөлбөрөөр ойн чиглэлийн мэргэжил олгож байна.  Урьд нь 4-5 оюутан элсэж байсан бол  одоо МУИС-д 50 гаруй оюутан элсэн суралцаж байгаа нь ахиц дэвшил юм. Бусад ХААИС, ШУТИС-д ч мөн адил элсэлт нэмэгдэж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцаж   байгаа хүмүүсийн тоо ч нэмэгдэж банйа. Хэрэгцээ шаардлага гараад ирэхээр энэ чиглэлээр нарийн мэргэших сонирхолтой хүмүүс ихээр гарч ирж байна. Мөн мод тарьж, ургуулж, арчлахтай холоотой богино хугацааны сургалтуудыг явуулж байна. Нийт 27 мянган хүнийг богиносгосон сургалтад хамруулсан байна.

Ой судлаач, доктор М.Тунгалаг: Ашиглангаа хамгаалах нь ойн салбарын хамгийн  гол асуудал

1990-ээд оноос хойш ойн салбар үндсэндээ бүтцээ алдчихсан байсан. Шинээр батлагдсан Ойн хуулийн үзэл санааны дагуу 2008 онд анхны Ойн агентлагийг Засгийн газраас байгуулж байсан түүхтэй. Энэ үед хамтын оролцоотой ойн менежмент гэдэг шинэ үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах шаардлага гарсан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан анхны Ойн агентлагийг миний бие удирдаж ажилласан. Бид ойтойгоо ойрхон ард иргэдийг зохион байгуулах замаар нөхөрлөлүүдийг байгуулж, тэднийг ойн менежмент засаглалд татан оролцуулах ажлыг зохион байгуулснаараа их онцлог. Зах зээлийн  шуурганд хамгийн түрүүнд өртсөн болохоор  боловсон хүчний нөөцөө ч  алдсан үе байсан. Тиймээс “Цэвэр ой” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Хортон шавжны асуудал, түймэрт маш их модоо алдсан, ойн бүтээмж маш их доройтсон байсан. Яагаад гэвэл эзэнгүй байсан учраас тэр. Энэ асуудлаар УИХ-д захидал бичиж лобби бүлгийг байгуулснаар  төсөв ч  нэмэгдэж, ойн хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг орон даяар далайцтайгаар анх удаа эхлүүлж байсан түүхтэй.

Олон зорилтот үндэсний ойн тооллогыг Германы Засгийн  газар, Монгол Улсын Засгийн газар хамтарсан санхүүжилт гаргаж хийгээд 2016 онд Засгийн газарт  хүлээлгэж өгч байсан. Ойн асуудал бол ашиглангаа хамгаалдаг. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллаж, ойлгож байж, бүтээмж сайтай, баялаг ихтэй ойгоо ирээдүй хоч үедээ өвлүүлж чадна.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn