УИХ-ын асуулгын цаг боллоо. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин Ерөнхий сайд Н.Учралд “Төрийн нууц уу, хулгайн нууц уу” сэдвээр асуулт тавин, мэтгэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Түвшин “1995-2016 оны Төрийн нууцын тухай хуульд Төрийн нууцын жагсаалтыг баталдаг УИХ баталдаг. Хуульгүйгээр аливаа мэдээллийг нууцлахыг хориглох заалттай байсан. Нэг ёсондоо ТЕГ нууцлах тухай санал гаргаж, Засгийн газраар хэлэлцэн ҮАБЗ-д санал оруулан, улмаар УИХ -аар орох дараалалтай байжээ.
2016 оны шинэчилсэн хуулиар УИХ зөвхөн Төрийн нууцын ерөнхий ангиллыг тогтооно. Салбар байгууллагын нарийвчилсан жагсаалтыг Засгийн газар батална. Албаны нууцын жагсаалтыг сайд эсвэл байгууллагын дарга батална. Жагсаалтад ороогүй мэдээллийг ч байгууллага өөрөө нэн даруй нууцалж болохоор өөрчлөгдсөн.
Үүнээс болоод буруу, зөрүү гэрээнүүд явж байна гэж харж байна. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 110 сая ам.долларын авлигын мэдээлэл. Тендер шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан 318 тэрбум төгрөгийн “Ногоон автобусны” хэрэг. “Ковид-19″ цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нууцад авсан гэх мэт. Энэ бүхэн яг төрийн нууц байсан уу. Эсвэл хууль бус үйлдлийг нууцалсан явдал уу” хэмээн асуусан.
Харин Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн нууц нэрийн дор олон хууль бус үйлдэл явж ирсэн нь сүүлийн үед ил болж байна. Ерөнхий сайдын хувьд аливаа асуудлыг нуух биш нээхийг зорьж ажиллаж байгаа. Цахим хөгжлийн сайд байхаас эхлээд үүний төлөө ажиллаж, та бүхний гаргаж тавиад байгаа мэдээллийг ил болгосон. Цаашид ч нэг ч асуудлыг УИХ-д тайлагнахгүй, олон нийттэй ярилцахгүйгээр нууцад явдаг асуудлыг зогсооно” гэв.
УИХ-ын гишүүн Б.Түвшин “Өмнө нь УИХ-ын хянан шалгах комиссын шалгаж буй асуудлын хүрээнд нууц харгалзахгүй танилцдаг байсан. 2016 оноос мөрдөгдөж эхэлсэн хуулиар УИХ-ын гишүүн зөвхөн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд танилцана. Ажлын хэсэг мөн хуулиар хориглосноос бусад нууцтай танилцана. Гишүүд асуулга тавихдаа хэлэлцэх асуудалд ороогүй нууц баримт шаардах эрхгүй байна. Парламент хяналт тавих боломжгүй, УИХ-ын гишүүд мэдэх эрхгүй ийм хуулийг 10 жил дагаж мөрдөж иржээ. Үүний улмаас авлига гаарч байна” гэж үргэлжлүүлэн асуулаа.
Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн нууц бол Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл. Тийм ч учраас нэмж нэг ч материал нууцад аваагүй. Оффтейк гэрээ байгуулахгүй гэдэг зарчмаа зарласан. Г.Занданшатарын Засгийн газрын үед Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 60 хуудас нууцын материалыг ил болгосон. Мөн 74 хуудас албаны нууцын материалыг ил болгохыг компанид нь даалгасан. Одоо энэ бүгд ил болсон.
Өнгөрсөн Засгийн газрын хуралдаан Гашуунсухайтын төмөр замтай холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ил болгох ажлыг эхлүүлсэн. Ирэх долоо хоногийн хуралдаанаар албажуулна. Цаашид Засгийн газар жагсаалт гаргаж нууцад авдаг ажлыг тасалн зогсооно. Албаны нууц гэх ойлголтыг хуулиас бүр авч хаяж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин “Хоёулаа цаг хугаацааны хувьд зөрөөд байна. Би таниас 2016 оны хуулийн шинэчлэлийг асуугаад байдаг. Та одоогийн Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг яриад байна. Үүнийг тусад нь асууна.
Албаны нууц гэх ойлголт 2016 оны хуулиар орж ирсэн. УИХ, Засгийн газар биш сайд эсвэл байгууллагын дарга аливаа мэдээллийг нууцалдаг болсон. Гаднаас тавих хяналтгүй болсон гэсэн үг. ТЕГ-ын 2025 оны шалгалтаар 59 төрийн байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээллийн 274 нь буюу 31 хувь үндэслэлгүйгээр нууцалсан байна. Энэ мэдээллийн хэд нь гэмт хэргийн шинжтэй байсан, хэдийг нь хууль хяналтын байгууллагаар шалгаж, хариуцлага тооцсон бэ” гэж үргэлжлүүллээ.
Ерөнхий сайд Н.Учрал “2016 онд би УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2017 оны бүртгэлийн хуулиас эхлээд би мэдээллийг нээлтэй болгоход манлайлж ирсэн. Байгууллагын ашиг сонирхлын үүднээс нуух ёсгүй мэдээллийг нуусан учраас бүгдийг хуулийн байгууллагад хүргүүлсэн. Энэ 274 мэдээллийг нууцаас гаргасан. Тийм ч учраас байгууллагуудын эрх хэмжээг хумих зорилгоор албаны нууц гэх ойлголтыг хуулиас хасаж, өргөн мэдүүлээд байна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Түвшин “Гашуунсухайтын төмөр замтай холбоотой тухайн үед ҮАБЗ-өөс төслийг хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн юм уу. Эсвэл оффтейк гэрээг нууцлах зөвлөмж өгсөн юм уу. Эдгээр гэрээг нууцлах саналыг ҮАБЗ, Засгийн газрын аль нь гаргасан юм бэ” гэсэнд:
Ерөнхий сайд Н.Учрал “Алдааг засахын төлөө ажиллана. Намчирхаад яахав, 2016 онд энэ хуулийг хэн санаачилсныг мэдэж байгаа. Хуулийн байгууллагуудаас мэдээлэл авсан. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит хуулийн этгээдийн албаны нууцад авсан 806 хуудас бүхий баримт бичгийг илрүүлэн, шалгасан байна. Тухайлбал, НЗДТГ-ын 318 нэр төрлийн зөрчлийг арилгажээ.
Гашуунсухайтын төмөр зам дээр гарсан ҮАБЗ-ийн хоёр зөвлөмжийг ил болгож, Тагнуулын байгууллагын дүгнэлт гаргахыг Засгийн газар үүрэг болгочихсон байгаа. Тухайн үеийн гэрээнүүд одоо бүгд ил болсон. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам дээр дамнасан 32 гэрээ хийсэн юм билээ. УИХ-ын гишүүд шүүн тунгаагаад, Н.Номтойбаяр гишүүний сонсголыг хийж нэг талдаа гарах нь зөв” хэмээсэн юм.
