Хууль бус хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгннөс дээш бол бүх насаар нь хорих өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, иргэн Б.Болдбаатарын гаргасан Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай өргөдлийг хэлэлцлээ.
Дээрх асуудлын хүрээнд Нийтийн өргөдлийн системд байршуулж санал авахад 100, 200 иргэн дэмжсэн байна.

Мөн Нийтийн өргөдлийн цахим системд энэ өргөдөл нийтлэгдсэнээс хойш яг ижил агуулга бүхий хууль бус хөрөнгийг хураах тухай 13 өргөдөл ирсэн гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулсан юм. Иргэдийн шударга ёсны шаардлага, төрд итгэх итгэлтэй холбоотой аливаа асуудлыг парламент анхааралтай авч үзэх үүрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.

Авлигын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хангалтгүй, хууль бус хөрөнгийг хураах тогтолцоо иргэдийн итгэл төрүүлэхгүй байгааг энэ өргөдөл, түүний дэмжлэгийн тоо харуулж байна гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцлов. Тэрбээр ял шийтгэлийн үр нөлөөний тухай тодруулан лавлаж, хөрөнгө хураах, бүх насаар хорих ялууд тохирсон байх зарчимд нийцэж буй эсэхийг асууж, хариулт авав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шударга ёсны зарчмыг алдуулахгүй байх, хууль, шүүхийн өмнө хүн бүр ижил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал гэдгийг дурдсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ж.Амгалан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээр шийдвэрлэж буй тухай танилцуулж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Хуулийн төсөлд албан тушаалын хэрэгт оногдуулж буй ялыг учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч ялгамжтай оногдуулах, хахуулийн хэмжээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнг мөн харгалзах, хорих ялын хугацааг 20 жил хүртэл нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгаж буй ажээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар авлигатай тэмцэх, авлигачинтай тэмцэх гэдэг хоёр өөр асуудал болохыг тодотгоод, энэ талаарх хууль эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг шуурхайлах нь зүйтэй гэсэн бол Байнгын хорооны дарга О.Номинчимэг авлигын эсрэг бодлого, хариуцлагын тогтолцоог эргэн харах цаг болсныг онцолсон юм.

Тэрбээр авлигын индексээр манай улс 2025 онд дэлхийн 180 орноос 124 дүгээрт эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос 2.0 оноогоор буурсныг танилцуулж, олон улсын байгууллагууд Монгол Улсад хууль дээдлэх ёс сул, хариуцлагын тогтолцоо хангалтгүй, иргэний нийгмийн оролцоо улам хумигдаж байгаа гэсэн дүгнэлт өгч буйг анхааруулав.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганмаа, С.Замира нар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалт, үр нөлөө, хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтанд оногдуулж буй хариуцлагын талаар асуухад ахлах шинжээч Ж.Амгалан зарим статистик мэдээллийг өгсөн юм.

Түүний мэдээлснээр, 2017-2024 онд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой 8860 хэрэг шалгагдсанаас 2988 хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож, 1578 хэрэг прокурорт шилжсэнээс 1005 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс эдгээрийн 739 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар иргэдийн өргөдөл бол шударга ёсны талаарх нийгмийн захиалга гэж үзэж байгаагаа илэрхийлээд авлигын эсрэг тэмцлийг улам чангатгах шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлаас ялын бодлогыг чангатгаж авлигын хэрэгт торгох ял оногдуулах зохицуулалтыг халж, зөвхөн хорих ялаар шийтгэдэг болгосны дээр хорих ялын хугацааг 12-20 жил болгож уртасгаад байгааг тэрбээр тодотгож, хэдийгээр ялыг чангаруулсан ч гэлээ хууль бус хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгийг хураах эрх зүйн орчин, хэрэгжилт хангалтгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Мөн Засгийн газар өмнө нь өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцтой уялдуулах шаардлагын улмаас татан авч, дахин боловсруулж байгаа гэдгийг танилцуулаад, удахгүй өргөн барина гэлээ.

Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлснээр иргэн Б.Болдбаатарын гаргасан нийтийн өргөдөлд тусгагдсан асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодоор үргэлжүүлэн хэлэлцэхээр болов.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn