Н.Учралыг шахаж, дарамталсаар Засгийн газарт халаа сэлгээ хийх нь

Хавар томилогдсон Н.Учралыг Ерөнхий сайд болов уу, үгүй юу огцруулах асуудал яригдсаар өдий хүрэв. Зургаан сар огцруулах асуудал яригдаж, эцэстээ Засгийн газрын танхимд нь халаа, сэлгээ хийгдэнэ гэсэн асуудал яригдах болоод бас чамгүй удлаа.

Энэ хооронд сөрөг хүчин болох АН-ын дарга О.Цогтгэрэл намаа тэргүүлээд Н.Учралын Засгийн газрын Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруул үгүй бол өөрөө огцор хэмээн шахаж ирсэн. О.Цогтгэрэл өөрийнхөө албан блакан дээр Засгийн газрыг огцруулах асуудалд УИХ дахь бүлгийн гишүүдээрээ гарын үсэг зуруулж байгаа гэсээр ирсэн.

Намрын чуулган эхэлмэгц Н.Учралыг огцруулах асуудлыг өргөн барина гэсэн ч АН-ын УИХ дахь гишүүд нь гарын үсэг зурж өгөхгүй байгаа тухай мэдээллүүд ч хөвөрч ирсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүний 41 нь гарын үсэг зурсан хэмээн Даваа гаригт тус бүлгээс мэдээлсэн. Огцруулах бичигт ганц гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн нишүүн нь Ч.Лодойсамбуу.

Гэхдээ энд нэг сонирхолтой асуудал байгаа нь О.Цогтгэрэл болон АН-ын гишүүдийн байнга ярьж байгаа огцруулах бичиг гээчийг тэднээс өөр хэн ч хараагүй, үзээгүй явж ирлээ.

Үүний сацуу АН-ынхан Н.Учралыг огцруулаад дараагийн Засгийн газарт нь хамтарна хэмээх яриа ч байнга явж ирлээ. Гэхдээ АН-ын УИХ дахь бүлгийн зарим гишүүд болон Улстөрийн зөвлөлд нь багтдаг гишүүд нь Засгийн газарт хамтарна хэмээх яриаг байнга эсэргүүцэж ирсэн.

Тэгээд ч улстөрийн хоёр том сонгууль тулж ирсэн ийм нөхцөлд Засгийн газарт хамтрах нь АН-д ашиггүй гэдэг мэдээж.

Эцсийн бүлэгт Н.Учрал огцрохгүй мөн АН-тай хамтрахгүйгээр Засгийн газартаа халаа, сэлгээ хийхээр болж байх шиг. Тухайлахад Д.Батлутыг БХ-ын сайдаас буулгаж, оронд нь Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд хийж буй Ж.Энхбаярыг болгох юм байх. Харин Эдийн Засгийн хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэнг томилохоор болсон гэх.

Мөн сайд болох амбицтай нөхдүүдийн манлайд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, П.Сайнзориг, М.Мандхай, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Б.Ганхуяг, Ж.Ганбаатар нарыг сайдаар томилж, одоогийн бүтэцдээ өөрчлөлт оруулна хэмээн ярих.

Гэхдээ албан тушаал яригдмагц өөрсдийн нөрийг хавчуулдаг нь УИХ-ын гишүүдийн гэм биш зан. Нэр нь явж байгаа эдгээр нөхдүүдийн амбицыг хангаж тийм олон халаа сэлгээ хийхгүй нь тодорхой.

Ирэх Баасан гаригт 2007 оны улсын төсвөө баталж, дараагийн долоо хоногоос Засгийн газрын халаа сэлгээ хийгдэнэ хэмээн яригдаж эхэллээ.

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn