Ард түмний толгой, тархиар сегадах эрх баригчдын Оюутолгойн ногдол ашгийн 3 их наяд хэмээх үлгэр

Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна, түүний нэг их наядыг иргэдийн хуримтлалын дансанд хийнэ. Үлдсэн хоёр их наядаар нь 10 аймгийн цахилгаан станц зэрэг эрчим хүчний төслүүд зэрэг 52 төслийг санхүүжүүлнэ хэмээн Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ хэлсэн.

Түүнээс хойш нөгөө “алаагүй баавгайн арьсыг хуваах” гэгчээр улстөрчид нөгөө гурван наядыг яаж хуваах тухай янз бүрийн санал гаргаж гарсан. Энэ бүхний дүнд иргэн бүхэнд 857 мянган төгрөг болгож олгох тухай цахим D парламент дээр санал авч 100 гаруй мянган хүн нэгэнт дэмжсэн тул УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаар болоод буй.

Гэтэл өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон Сангийн сайдыг дуудаж иргэдэд тэрхүү 3 их наядыг бэлнээр нь тараа хэмээх саналаа хэллээ. Түүнийг саналаа хэлж байхад сайд нар толгой дохиод л сууж байлаа.

Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгойн ногдол ашгийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, “Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийг авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа. Миний хувьд ногдол ашгаа эхэлж авах нь чухал байна. Харин ногдол ашгийн зарцуулалтын тухайд Засгийн газар 2027 оны Төсвийн тухай хуулиа өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн шинжтэй суурь асуудлуудаа шийдье гэсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын асуудал гэх мэт.

Нэг их наяд төгрөгийг нь хуримтлалын санд хадгалъя гэж ярилцсан. Ингээд үүнээс боловсрол, эрүүл мэнд, ипотект зарцуулахаар хоёр их наяд төгрөгийг зарцуулах хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцүүлэгийн явцад иргэдээс санал авсан. Иргэдийн зүгээс Баялгийн сангийн хуулийн хүрээнд хуримтлалын санд хуримтлуулж ашиглах нь зүйтэй гэсэн. Улмаар Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан.

Одоо бид гурван их наяд төгрөгөө оруулаад ирвэл хуримтлалын санд хийнэ. Үүнээс Төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу нэг их наяд төгрөгөө дээр хэлсэн боловсрол, эрүүл мэнд, ипотект зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа өчигдөр илэрхийлсэн. Түүнийг Ерөнхийлөгчийн өөрийн байр суурь гэж харж байгаа. 100 мянга гаруй иргэн бэлэн мөнгө авна гэсэн санал гаргасан байна.

Засгийн газар гурван их наяд төгрөгийг оруулаад ирлээ гэхэд, үүнийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өгвөл инфляц 2-3 хувиар өснө. Эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс миний хувьд бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр суурьтай байгаа. Ямартай ч эхлээд гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал байна” гэлээ.

Эндээс харахад ийм хэмжээний мөнгө авна хэмээн манай Засгийн газар тооцоолсон ч өгөх тал буюу “Рио Тинто” яг хэдийг өгөхөө тооцоолоогүй хэлэлцэж байгаа нь тодорхой. Сүүлийн үед буюу 10 дугаар сарын 15-наас хойш Оюутолгойн баяжмалыг худалдаж байгаа хувь 70 гаруй хувиар буурчихаад байна. Тиймээс юун ногдол ашиг хэмээн “Рио Тинто” талаас мэдэгдээд байгаа. Тэгэхээр өгсөн хойно нь ярих асуудал болохоос “цонхны цаанаас чихэр долоолгох” үлгэр аятай л асуудал шиг.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn