Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 өрхийг цахилгааны аюулгүй холболт, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр энэхүү асуудлын талаар сэтгүүлчдэд тодруулга өглөө.
Б.Пүрэвдагва “Өчигдөр НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-тай хамтран уриалга гаргасан. Та бүхэн сонссон байх. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл 7-10 мянган өрхийн янданг буулгах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур ашиглах замаар айл өрхүүдийг яндангүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тиймээс сэтгүүлч та бүхнийг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Төв талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр бид ямар технологиудыг иргэдэд санал болгож байгаагаа танилцуулна.
Бид үнэгүй зуух тараахгүй. Харин арилжааны банкуудтай хамтран иргэдэд санхүүгийн хувьд хамгийн боломжтой нөхцөлтэй бүтээгдэхүүн, шийдлүүдийг санал болгоно. Тухайлбал, нэг өрх долоо хоногт 6-7 уут нүүрс худалдан авахад 30-35 мянган төгрөг зарцуулж байна. Ингэснээр сард ойролцоогоор 120-130 мянган төгрөгийг зөвхөн нүүрсэнд зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл айл өрхүүд энэ зардлаа цахилгаан халаагуур, дулаан хуримтлуурын төлбөрт шилжүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа.
Ингэснээр иргэдэд нэмэлт санхүүгийн хүнд ачаалал үүсгэхгүйгээр агаарын бохирдлыг бууруулах, утааны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.
