УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Д.Амарбаясгалан “Би хотын дарга асан Х.Нямбаатарын фэйсбүүктээ бичсэн постыг хараагүй байна. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс дээр дарамт шахалт ирдэг боллоо гэдгийг өргөн хүрээнд ярьдаг болсон байна. Энэ асуудалд УИХ-ын зүгээс тодорхой хуулийн өөрчлөлтөд анхаарах цаг болсон. Ялангуяа парламентад суудалтай намууд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, шинэчлэлийг хийх шаардлага гарчээ. Дан ганц дотоодын хэвлэл мэдээллийн байгууллага, улстөрчдийн үг ярианаас гадна олон улсын байгууллагын түвшинд үнэлэгдэж, дүгнэдэг болсон байна.
Монгол Улсын ардчиллын индекс жил бүр буурч, ухарч байгаа асуудал хөндөгдөж байна. Ийм асуудал энэ цаг үед хөндөгдөж байгаа учраас УИХ санаачлагатай ажиллаж, орчин нөхцөлийг нь бүрдүүлэхээр засч, залруулах шаардлагатай.
Монголд ямар нэгэн дэглэм тогтсон гэдэг асуудал хэлж, ярих сонирхол алга. Улстөрч Х.Нямбаатарын өөрийн байр суурь. Тэрийгээ өөрийн албан ёсны цахим хуудсаараа илэрхийлж байна. Мэдээж хэрэг Монголын хувьд улс төрийн түвшинд эв нэгдлээ хангаж, харилцан ойлголцлыг бий болгох, намууд болон улстөрчид зөвшилцөл гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Тэрнээс биш зөрүүтэй байр сууриараа хоорондоо дайсагнаж, бие биеэ дарж авахын төлөө хүч хэрэглэдэг байдал ардчилсан парламентын тогтолцоог устгах, эдийн засгийн болон хүний эрх чөлөөний асуудал хумигдах эрсдэлтэй. Нэг хоёр хүний асуудал гэхээсээ илүүтэй нийгмийн чухал асуудал талаас нь хандах нь зөв.
Би өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон нийтийн дунд хийсэн томоохон судалгааг сонслоо. Мэдээж олон нийтийн зүгээс олон асуудлаар бухимдлаа илэрхийлж байна. Тодруулбал, үнийн өсөлт, шатахууны хомсдол, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тэгш хүртээмж, нийгэмд шударга ёсыг тогтоох асуудлыг хөндөж байна. Төр засгийн зүгээс асуудал бүрийг задалж, цэгцлэх ажлаа хийж байх ёстой.
Харамсалтай нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн зөрчил, тэмцэл, үл ойлголцол, байх ёстой хэм хэмжээнээс давсан учраас төрийн ажилд ард иргэдийн үнэлэмж сул, төрд итгэх итгэл асар их буурсан байна. Бүх түвшинд үүнийг ойлгож, ажиллах хэрэгтэй гэж дүгнэж байна.
Хүнийг гүтгэсэн асуудал байвал хуулийн дагуу нэр төрөө сэргээхээр цагдаагийн байгууллагад ханддаг учиртай. Гэтэл Г.Занданшатар яагаад Авлигатай тэмцэх газарт нэр төрөө сэргээлгэхээр хандаж байна вэ гэхээр цэвэр улс төр байна.
Мэдээж өндөр зохион байгуулалттайгаар МАН-аас таван гишүүнийг хөөхийг сануулж, АТГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ бол мань хүний улс төрийн халуун тогооноос гарсан хэрнээ тойрог дотор байгаа гишүүдтэй зууралдаж, анхаарлын төвд орох сонирхлыг агуулж байна.
МАН гэдэг маш олон сонгуулийн ард нийт гишүүдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж гардаг нам. Хэн нэгэн мундаг байснаар сонгуульд ялалт байгуулчихдаггүй. Намын гишүүд намын бодлого тогтвортой, дотоод эв нэгдэл хангагдсан нөхцөлд саналаа өгч, нэр дэвшигчдээ дэмждэг нам. Харамсалтай нь, сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ыг дотроос нь хагаралдуулах ажлыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар өндөр оролцоотойгоор идэвхтэйгээр хийж байна.
Гадаад, дотоодын зөвлөхүүдийн үгийг сонсож, энэ ажлыг хийнэ гэдэг чинь өөрөө ухсан нүхэндээ унах зүйл болно шүү. Улс төрийн хов живийг бага ярьдаг болмоор байна.
Нийгмийн ёс суртахуун, соён гэгээрлийг дээшлүүлэх ажлыг улстөрчид, сэтгүүлчид, соёл урлагийн зүтгэлтнүүд идэвхтэй хийх шаардлагатай байна. Монгол Улсад 1990-ээд оны эхээр чөлөөт хэвлэлээс иргэд мэдээллээ авдаг байсан бол өнөөдөр тэр цаг үе дахин давтагдаж байгаа юм шиг санагдаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал анхны улсын төсвөө оруулж ирж байгаа. Гэхдээ энэ цаг үед үнийн өсөлтийн хүндрэл ард иргэдийн нуруун дээр ихээхэн ачаа болж байна. Эдийн засагчдын зөвлөгөөг УИХ дээр авч, хэрэгжүүлэх ёстой. Энэ удаа маш олон зарчмын зөрүүтэй саналууд гарсан ч байнгын хороон дээр ихэнх нь дэмжигдээгүй юм билээ. Улсын төсвийн алдагдалтай холбоотой асуудал өмнө нь нэлээд том улс төрж болж, шүүмжлэл дагуулж байсан. Дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байна. Засгийн газар энэ асуудалд анхаарч, ажиллах ёстой.
Бортээгийн орд Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй огт холбоогүй гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Энэ орд бол төрийн мэдэлд байдаг. Стратегийн ордыг хэн нэгэнд хувьчлах ямар ч боломжгүй юм. Би хуулийн байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч байгаа” гэлээ.
