Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод баавгайтай холбоотой гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс хоёр нь хиймэл оюун ухаан ашиглаж зураг тараасан илт худал мэдээлэл байжээ.
Тус хуурамч мэдээллүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Харин нэг дуудлагыг хяналтын камераар баталгаажуулж шалгахад баавгай байж болзошгүй байсан учир хяналт шалгалтын ажиллагааг явуулсан аж. Нийтээрээ баавгайнаас айж байгаа энэ үед хуурамч мэдээлэл тарааж олныг айлгаж, хөрөнгө мөнгөний зардал чигдэл гаргахад хүргэж байна. Тиймээс:
Худал мэдээлэл тараасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар,
Иргэнийг 300,000 төгрөгөөр
Хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгодог аж.
Зэрлэг баавгайн дайралт нь бодитойгоор аюул занал учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа. Учир нь дуудлага мэдээлэл бүр дээр бүрэлдэхүүн гарч ажиллаж байгаа учир хуурамч дуудлагаас үүдэж өөр бодит аюул учирсан дуудлагад явах байсан боломжийг хязгаарлана гэдгийг анхааруулав.
