Өнгөрсөн шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн амны Бурхант хошуунд 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айлын гэрт халдсан ноцтой хэрэг гарсан. Халдлагын улмаас 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, хамт байсан эмэгтэй хүнд гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд /ГССҮТ/ хүргэгдэн эмчлүүлж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шуурхай мэдээлэл хийсэн юм.
БОУАӨЯ-ны газрын дарга Н.Балжинням “2026 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 11 аймаг, нийслэл болон тусгай хамгаалалттай бүс нутгуудад баавгай орж ирсэн 745 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Амьтад нэг газраа удаа дараа давтамжтай орж ирэх тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд суурьшлын бүс рүү голдуу бамбарууш болон бамбараа дагуулсан эвш /эм баавгай/ нэвтрэх нь элбэг байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн учруулж буй эрсдэл, хохирлыг бууруулахаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
Энэхүү санхүүжилтээр зэрлэг амьтныг унтуулагч зүү шидэгч буу худалдан авахаар Тендерийн хуулийн дагуу зарлуулсан бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй албан хаагчдын шатахууны зардлыг давхар шийдвэрлэлээ. Түүнчлэн орон нутгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар болон холбогдох албаныхантай хамтран ажиллаж, баавгай үзэгдсэн бүс нутгийн иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж байна.
Амьтны тухай хуулийн 35.1 болон Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг үндэслэн, зайлшгүй тохиолдолд баавгайг агнах зөвшөөрлийг хуулийн дагуу олгож байна. Өнөөдрийн байдлаар найман аймагт 27 зөвшөөрөл олгосноос зургаан баавгайг агнасан мэдээлэл ирсэн.
Агнасан баавгайн мах, эд эрхтэнд судалгаа шинжилгээний байгууллага болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран шинжилгээ хийсэн. Амьтны тухай хуулиар баавгайд зөвшөөрөл олгодог шалтгаан нь уг амьтан Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтдагтай холбоотой юм. Монгол Улс хамгийн сүүлд 1986 онд баавгайн нэгдсэн тооллого хийж байсан бөгөөд цаашид зэрлэг амьтныг тоолох ажлыг холбогдох Зэрлэг ан амьтан хамгаалах хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.
Статистик мэдээллээс үзэхэд 2018 онд баавгай үзэгдсэн хоёр удаагийн, 2019 онд нэг удаагийн дуудлага бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2026 онд нийслэлийн хэмжээнд дуудлага, мэдээллийн тоо огцом өсөж, 28-д хүрсэн байна. Үүнээс 24 дуудлага нь бодит байсан бол үлдсэн дөрөв нь хуурамч буюу хиймэл оюун ухаанаар AI бүтээсэн зураг ашиглан өгсөн зөрүүтэй мэдээлэл болох нь тогтоогджээ.
Мөн Хэнтий аймгийн лабораторид баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь хоол тэжээл, эрдэс бодис байхгүй байсан нь тогтоогджээ. Энэ жил самар түүх зөвшөөрлийг зөвхөн Өвөрхангай аймгийн нэг суманд ахуйн зориулалтаар олгож, 200 тонн самар түүх зөвшөөрөл өгсөн байна.
Иймд албаныхан иргэдийг ой, уулын бүс болон суурьшлын бүсийн ойролцоо зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ялангуяа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүнсний хаягдал болон хоол хүнсийг ил задгай хаяхгүй байх, баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг авах, үргээхийг оролдохгүй байхыг зөвлөлөө. гэж мэдэгдлээ.
