Өчигдөр 10 дугаар сарын нэгний өдөр Сүхбаатарын талбай буюу Улаанбаатар хотын төв орчимд болсон жагсаал өглөө 10 цагт эхэлж улмаар Энхтайвны өргөн чөлөөг 10 гаруй цаг хаагаад өндөрлөсөн. Уг цуглаан эхлээд машинтай жагсагчдаар эхэлж удалгүй явган болон мототой залуусаар хүч нэмсэн.
Шатахуун олдохгүй дор хаяж 5-6 цаг очерлож арайхийж авч байгаагийн эсрэг ерөнхийдөө бүх юмны үнэ өссөн асуудлын эсрэг цуглаан жагсаал болох нь тодорхой байлаа. Мөн жагсаалд нэгдсэн иргэд зөвхөн шатахууны бус татварын дарамт, үнийн өсөлт, инфляц, зээлээс зээлийн хооронд амь зууж байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлыг гарган ирж, төр, засагт дуу хоолойгоо хүргэхийг хичээлээ.
Гэвч жагсагчид тусгайлан хэн нэгэн дарга сайдад тулган шаардсан бичиг өгсөнгүй. Мөн хэн нэг дарга сайд ч гарч ирж жагсагчидтай уулзсангүй.
Нэг талдаа нийт хотын олон нийт оршин суугчдын ажил амьдралд хүндрэл учруулсан хэмээн дүгнэж болох. Нөгөө талдаа бол сайд, дарга, УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй УИХ-аа ч хуралдуулж, 2026 оны төсвийн төслөө баталж чадахгүй 2027 оны төсвөө ч хэлэлцэн батлах шинжгүй байсныг нь ажилд нь орууллаа.
Харин жагсаалыг тойрсон улстөрийн элдэв явуулга, жагсаалыг өөртөө ашиглах гэсэн хүмүүс л мэр сэр ч цөөнгүй байлаа. Нийгэмд төлбөртэй жагсагчид хэмээн танигдсан зарим нөхөд хамгийн эхэнд энэ жагсаалыг ашиглах гэж оролдсон нь ил байсан. Тэд гарч ирэн үймээн самуун дэгдээхийг оролдсон ч чадаагүй.
“Херо” хэмээх Б.Баатарыг уг жагсаалын ард байгаа хэмээн хардсан. Гэвч арай ч үгүй юм шиг. Үүнийг далимдуулаад Б.Баатарыг АТГ-ынхан барьж хорихоор ирж байна хэмээн Г.Уянга нар шуугиан дэгдээхийг хүссэн ч газар авсангүй.
Өнөөдрийн зарим мэдээ мэдээллийг харахад жагсаалын хүчээр манай УИХ, Засгийн газрууд идэвхтэйгээр ажлаа хийх болсон гэнэ. Тухайлахад хоёр долоо хоног ирц нь хүрэхгүй байсан УИХ-ын байнгын хороод хуралдаж, зарим нь бүр шөнө 21 цаг өнгөртөл хуралдсан аж. Мөн өнөөдөр ч УИХ-ын гишүүд өглөө эртлэн ажилдаа ирж хурал хуйдаа орж төсвүүдээ хэлэлцэж эхлээд байгаа гэлцэнэ.
Энэхүү “битүүхэн” жагсаал хэмээх тэмцэл нь ерөнхийдөө ажил нь зогсонги болсон УИХ, Засгийн газрыг ажлаа хурдасгахад нөлөөллөө гэдэг хандлага байж болох хувилбар. Гэхдээ л энэ бүхний цаана МАН, АН-ууд Засгийн газраа огцруулах уу, шинэ ЗГ байгуулах уу тэндээ хамтрах уу гээд олон асуулт үлдэж байна.
