Дэлхийн 43 орны залуус БНСУ-ын Сөүл болон Инчон хотод дайны түүх сургамж, үндэстэн хоорондын соёлын ялгаа, шашин хоорондын үл ойлголцол болон залуучуудын нийгэм дэх оролцооны талаар хэлэлцэн, энх тайвныг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа. Тус хөтөлбөрт Монгол Улсаа төлөөлөн нийгмийн өөр өөр салбар, өөр өөр шашин, соёлын төлөөлөл болсон 11 залуу оролцсон байна.
HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллагаас 9-р сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан “HWPL Дэлхийн залуучуудын энх тайвны хөтөлбөр” нь “Бид бол энх тайвныг үргэлжлүүлэгчид (We are the Living Legacy of Peace)” сэдвийн хүрээнд болжээ.
Хөтөлбөрийн үеэр оролцогчид БНСУ-ын дайны түүх, соёлын өвтэй танилцаж, өөр өөр улс, үндэстэн, шашин, соёлын төлөөлөл болсон залуусын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг, сургалт, соёлын үйл ажиллагаанд оролцсон байна. Хөтөлбөрийг “Нээх – Discover, Суралцах – Learn, Хэрэгжүүлэх – Act” гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.
Дайны түүх, сургамжаас энх тайвны үнэ цэнийг ойлгох нь
Хөтөлбөрийн эхний өдөр оролцогчид БНСУ-ын дайны дурсгалын музейд зочилж, 1950–1953 оны Солонгосын дайны түүх, тухайн үеийн эд өлгийн зүйлс, гэрэл зураг болон баримт материалтай танилцжээ. Энэ үеэр оролцогчдоос “Энх тайван гэж юу вэ?”, “Энх тайвныг бий болгохын тулд бид юу хийж чадах вэ?” гэсэн асуултыг эргэцүүлэн бодохыг хүссэн байна.
Дайныг зөвхөн өнгөрсөн үеийн түүх хэмээн харахаас илүүтэйгээр дайны улмаас хувь хүн, гэр бүл, нийгэмд ямар үр дагавар үлддэгийг ойлгож, өнөөгийн залуучууд энх тайвныг бий болгоход ямар үүрэгтэй оролцож болох талаар ярилцсан нь хөтөлбөрийн гол агуулгын нэг байв.
Фижи улсын Үндэсний Залуучуудын Зөвлөлийн төлөөлөгч Райсани Сефо:
“Залуучууд үхэх эрсдэлтэй гэдгээ мэдсээр байж өөрсдийн эх орон, төрсөн нутгаа хамгаалахын төлөө тэмцэж ирсэн. Энх тайвныг цогцлоох үйл явцад сорилт бэрхшээл, шүүмжлэлийг даван туулж урагшлах зориг, хүсэл тэмүүлэл хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Соёлын ялгаа нь харилцан ойлголцлын эхлэл
Оролцогчид мөн Сөүлийн Инсадон гудамж болон түүх, соёлын бусад дурсгалт газруудаар зочилж, Солонгосын уламжлалт соёлтой танилцсан байна. Өөр өөр хэл, шашин, соёлын орчинд өссөн залуус нэг дор цуглан харилцсанаар ялгаатай байдлыг үл ойлголцлын шалтгаан биш, харин бие биенээсээ суралцах боломж хэмээн харах талаар санал солилцжээ.
Африкийн орнуудын залуучуудын төлөөлөгч Эндрю Жуниор Мвима:
“Хүмүүс өөр өөрийн туршлага, үзэл бодлоо чөлөөтэйгээр бусадтай хуваалцах боломжтой байх хэрэгтэй. Ийм харилцан ойлголцол нь энх тайвны тухай нийтлэг ойлголтыг бий болгоход чухал”
“Монголын уламжлалт зан үйл” ТББ-ын лам Б.Бат-Эрдэнэ:
“Өмнө нь өөр шашны залуучуудтай нэг ширээнд хамтдаа сууж ярилцах нь боломжгүй зүйл мэт санагддаг байлаа. Харин энэ хөтөлбөрөөр дамжуулан бусад шашны залуучуудтай үзэл бодлоо солилцсон нь өмнө нь надад байсан буруу ойлголтуудыг арилгалаа. Бид цаашид энх тайвны төлөө хамтдаа ажиллах болно” гэж хэлсэн байна.
Шинэ Зеландын залуучуудын төлөөлөгч Жанбиер Кауэр Бансал олон янз байдлыг аюул занал бус, харин суралцах боломж хэмээн харах хэрэгтэйг онцолжээ. Түүний хэлснээр хэл, соёлын ялгаатай хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, харилцан хүндэтгэн харилцах орчин бүрдэх нь тогтвортой энх тайвны суурь болж чадна.
Түүх, соёлоор дамжуулан энх тайвны тухай суралцав
Хааны ордон болон бусад түүх, соёлын дурсгалт газруудаар аялах үеэр оролцогчид өв залгамжлал, хүндлэл, оролцоо, өөрчлөлт, бодит үйл хэрэг зэрэг ойлголтыг энх тайвны үзэл санаатай холбон хэлэлцжээ. Тухайлбал, Солонгосын түүхэн дэх Сэжон хаан, Жипхёнжон болон Хангыль үсгийн хөгжил зэрэг жишээг авч үзэн, тухайн үеийн хүмүүс нийгэмдээ хэрхэн өөрчлөлт авчирсан талаар ярилцсан байна. Энэхүү үйл ажиллагааны дараа оролцогчид эх орондоо буцсаны дараа хэрэгжүүлэх санал санаачилга, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргажээ.
Замби улсын залуучуудын байгууллагын төлөөлөгч:
“Залуучууд бол зөвхөн ирээдүйн удирдагчид биш, өнөөдрийн удирдагчид. Бид өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэж, өөрчлөлтийг бий болгож чадна” хэмээн онцолсон байна.
Дугуй ширээний хэлэлцүүлэг
Хөтөлбөрийн хүрээнд “Энх тайвныг дэмжихэд залуучуудын үүрэг” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Оролцогчид шашин, үндэстэн, соёлын ялгаанаас үүдэн үл ойлголцол, айдас, зөрчилдөөн бий болохоос урьдчилан сэргийлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж болох талаар ярилцсан байна.
Хөтөлбөрийн сүүлийн шат нь оролцогчдын сурч мэдсэн зүйлээ бодит үйл ажиллагаатай холбох “Хэрэгжүүлэх – Act” үе шат байв. Энэ үеэр залуус өөрсдийн улс орон, орон нутагт хэрэгжүүлж буй энх тайвны үйл ажиллагааны туршлагаа хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх боломжтой санаачилгуудаа хэлэлцжээ. Мөн 2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон өөрсдийн оролцоог тодорхойлсон байна.
Оролцогчдын дунд энх тайвныг зөвхөн ирээдүйд хүрэх зорилго бус, өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх үйл явц гэж үзэх нийтлэг ойлголт ажиглагджээ.
Ийнхүү 43 орны залуус Сөүл хотноо цуглан, өөр өөрийн түүх, соёл, шашин, хэлний ялгааг танин мэдэхийн зэрэгцээ энх тайвны нийтлэг үнэт зүйлсийн талаар санал бодлоо хуваалцлаа.Хөтөлбөрийн оролцогчдын ярианаас үзэхэд оролцоо, харилцан хүндлэл, боловсрол, харилцан ойлголцол нь энх тайвныг дэмжихэд чухал ач холбогдолтой ойлголтуудын нэг байв. Энх тайвныг зөвхөн улс орнуудын түвшинд бус, залуучуудын өдөр тутмын харилцаа, боловсрол, сайн дурын үйл ажиллагаа, орон нутгийн санаачилгаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой талаар энэхүү хөтөлбөрөөр оролцогчид туршлага солилцжээ. Өөр өөр улс, хэл, соёлын төлөөлөл болсон залуусын хувьд энх тайвны талаарх ойлголт харилцан адилгүй байж болох ч бие биенээ ойлгож, хүндэтгэх, нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгоход оролцох шаардлагатай гэсэн нийтлэг санаа илэрч байлаа.

