УИХ-ын ХЗБХ-оос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг 10 дугаар сарын 7-нд зохион байгуулна

Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” буюу АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ.

Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны аравдугаар сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийг  2026 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх аж.

Жеффри Эпштейн нь Америк, Европын улс төр, бизнес, урлагийн маш олон алдартнуудтай дотно найзалж, тэднийг зугаацуулах охид бүсгүйчүүдийг олж өгдөг байсан гэгддэг. Тэрбээр шүүх хурлаа хүлээж байхдаа 2019 оны наймдугаар сард Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

Сануулахад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “АНУ-ын санхүүгийн болон бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй холбоотой ил болсон баримт бичгүүдэд (Эпштейний файл) Монгол Улсын нэр бүхий улс төрчид дурдагдсан асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар санаачилсан”. Иййнхүү уг нээлттэй сонсголыг 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлосон бөгөөд олон улсад зарлагдсан баримтуудыг цуглуулан шинжээчид ажиллаж байгаа гэдэг.

Ил болсон баримтуудаар АНУ-ын Хууль зүйн яам болон холбогдох байгууллагуудаас Жеффри Эпштейний хэрэгт холбогдох 3.5 сая хуудас материалыг ил болгосон. Үүнээс “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 900 орчим илэрц гарсан байна.

Уг файлуудад Монгол Улсын Төрийн тэргүүн (Ерөнхийлөгч) байсан 2 хүн, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэрс харилцаа хамааралтайгаар дурдагдсан гэдгийг Б.Баярбаатар гишүүн мэдэгдсэн.

Б.Баярбаатар гишүүний олон нийтэд мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх байсан Л.Пүрэвсүрэн Эпштейн рүү цахим шуудан илгээхдээ “Нью-Йорк хотод сюрпризтэй очно” гэж бичсэн баримт ил болсон гэж дурдсан. Мөн Эпштейн нь байгалийн баялаг ихтэй улс орнуудын (үүнд Оюу толгойн гэрээний үеийн асуудлууд хөндөгдсөн) эрх мэдэлтнүүдэд бэлгийн мөлжлөг, санхүүгийн сүлжээгээрээ дамжуулан нөлөөлж, лобби хийдэг байсан нь тогтоогдсон гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлж ирсэн.

Энэхүү хэргийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүний эрх, хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын ноцтой асуудал гэж үзэж байгаа тул УИХ-ын түвшинд нээлттэй сонсголоор баримтуудыг нягтлахаар төлөвлөж байгаа нь энэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn