УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өнөөдөр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын эрэлт, нийлүүлэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын сонсгол зохион байгуулах тухай мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монгол Улсад сүүлийн жилүүдэд олны анхаарлыг их татаж, иргэдийн бухимдлыг төрүүлж буй хар тамхины хэрэглээ, эрэлт болон нийлүүлэлтэй холбоотой сонсгол зохион байгуулна гэж өмнө мэдэгдэж байсан. Харин өнөөдөр сонсгол зохион байгуулах албан бичгийн УИХ-ын даргад хүргүүлэх гэж байна. Үндсэндээ, УИХ-аас 2002 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эрэлтэд хяналт тавих тухайн хуулийг баталсан. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш 24 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон түүнтэй холбоотой гэмт хэргийн гаралт жил бүр өсөн нэмэгдэж байна. Хууль батлагдсан тухайн үед Монгол Улс дамжин өнгөрөх улс байсан бол одоо хэрэглэгч улсын тоонд хамаарч байна. Тухайн онд улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж шийдвэрлэгдэж байсан байна. Харин 2014-2025 онд уг гэмт хэрэг 2336 болж нэмэгджээ. ЦЕГ-ын танилцуулсан мэдээллээр 2026 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд мансууруулах эмийг хууль бусаар ашиглах 365 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа юм. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 206 гэмт хэргээр нэмэгджээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой гэмт хэрэгт өсвөр үеийнхэн ихээр холбогдож байна. Мөн гадаадад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээр Монгол Улсын 41 иргэн хорих ял эдэлж байгаа. Үүнд, БНХАУ-д 34, Турк улсад гурав, Герман улсад хоёр, БНСАУ-д нэг, Япон улсад нэг иргэн тус тус ял эдэлж байна.
Мөн эдгээр иргэдээс 1-25 жилийн хугацаатай ял эдэлж байгаа дөрвөн хүн, 20 жилийн ял авсан гурван хүн, 19 жилээр шийтгүүлсэн нэг хүн, 12 жилээр шийтгүүлсэн нэг, 11 жилээр шийтгүүлсэн хоёр, 10 жилийн хорих ял дөрөв, 9 жилийн хорих ял хоёр, найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн дөрвөн хүн, долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоёр, таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн 11 хүн, дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн таван хүмүүс тус тус ял эдэлж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээллээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэй нэгдэх хүрээнд төрөөс баримтлах бодлого болон төрийн байгууллагын нэгдмэл байдал хангагдаж байгаа эсэх, мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг танилцуулах болон эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдлын талаар УИХ-аас зайлшгүй авч үзэх шаардлагатай.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, үндэсний язгуур эрх ашиг, нийгэмд учрах хор хөнөөлыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болох учир уг асуудлын хүрээнд УИХ-аар хяналтын сонсголыг зохион байгуулж мэдээллийг ил тод нээлттэй хэлэлцэх ёстой. Мөн Монгол Улсын хяналтын тухайн хуулийн дагуу иргэд мэдээлэл авах, мэдэх эрхийг хангаж ажиллах шаардлага үүсэж байна.
Монгол Улсын УИХ-ын 8 дугаар зүйлийн 8.1.12, УИХ-ын чуулганы тухайн хуулийн дэгийн тухайн хуулийн 119 зүйлийн 1.2, Монгол Улсын УИХ-ын хяналт шалгалтын тухайн хуулийн 27.1, 27.3 болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн өнөөгийн нөхцөл байдал сэдвээр ерөнхий хяналтын сонсголын УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж сонсголын төвийг тогтоох, зохион байгуулах саналыг хүргүүлж байна. Мөн уг саналыг дэмжиж УИХ-ын 68 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад хүргүүлэхэд бэлэн болсон. Нөгөөтэйгүүр, хууль зүйн байнгын хорооноос тов тогтооно. Үүнээс гадна парламентад суудалтай улс төрийн намуудаас бүрдсэн ажлыг хэсэг байгуулж сонсголын бэлтгэл байдлыг хангуулна. Мөн 2027 онд хаврын чуулган эхлэх цаг үетэй давхцан уг сонсголын зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангах ажилдаа орж байна” гэлээ.
