УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан хоёр ч өдөр ирц хүрээгүй учир хуралдаагүй. Харин өнөөдрийн хуралдаанд 75 УИХ-ын гишүүн буюу 59.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар:
-Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах
-Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх асуудлуудыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.
Н.Учрал “Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дах хэсэг 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу С.Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна” хэмээсэн.
Ингээд томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байгаагаас заримыг нь хүргэе.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд иргэдийн итгэх итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй.
Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс та элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ. Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, энэ нийгмийн зөрчилдөөнт байдлыг дэг журмын хүрээнд, хуульт ёсоор сахиулж хамгаалах л асуудал байдаг. Үүн рүүгээ анхаармаар байна гэдэг зүйлийг хэлмээр байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдох УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Энэ салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудал бол хар тамхитай холбоотой асуудал байгаа. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.
Үндсэндээ манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ХЗДХ-ийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдээд явж байгаа. Бид 2025 оны намар яг энэ хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон ил хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тэгэхээр энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.
Энэ асуудалд нэг мөр хатуу гараар тэмцэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар нэмэгдсэн байна. Зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Үндсэндээ найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг 2000 гаруй зөрчил гарсан байна. Үүний 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай.
Өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс 76 хүн амь насаа алдсан байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой, хүн амын эрүүл мэндтэй хамааралтай асуудал юм.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Та сая гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байгаа талаар, тэр дундаа 20 хувийн өсөлт гээд нэлээд өндөр тоо хэллээ. Гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж байгаа нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг эдийн засагч хүний хувьд та юу гэж харж байна вэ? Ямар нөхцөл байдал үүнд нөлөөлж байгааг цаашид судалж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрхэн боловсруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?”
Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдох УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Төрийн бодлогын эцсийн шалгуур нь хүний эрхийг хэр хамгаалж байгаагаар хэмжигдэх ёстой. Аливаа төрийн бодлого хүртээмжтэй, тэр дундаа хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэдэг.
Өнөөдөр авлигал, ядуурал гэдэг зүйл ах дүү шиг хамтдаа явдаг. Тэгэхээр бид эдгээр асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн гол асуудал. Урьдчилан сэргийлэх талаас нь авч үзвэл, бүхний суурь асуудал яг хаана байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй” гэлээ.
