Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд хууль ёсоор бол таван нэр дэвшигч өрсөлдөх боломжтой. УИХ-д суудалтай 5 намаас нэг, нэг нэр дэвшигч өрсөлдөж болох энэ сонгуульд МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвсэлээс хэн хэн нэр дэвших вэ гэдэг л өнөөдрийн улс төрийн гол тэмцэл, хөзөр болоод байна.
Эрх баригч МАН болон гол сөрөг хүчин АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх марафон өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш л эхэлсэн. Хоёр намд аль алинд нь нэр дэвших сонирхолтой 50-иас дээш насныхан язганаж байгаа нь ч ил байна.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам хэнийг нэр дэвшүүлж, сонгуулахыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэх нь бас хачирхалтай хэдий ч үнэн.
Тиймээс одоогоор эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэгчид хэн нь У.Хүрэлсүхийн таалалд нийцэх нь тодорхойгүй байгаа.
МАН-аас нэр дэвших эрхийг авах хүсэлтэй нөхдүүдийн дийлэнх нь У.Хүрэлсүхийн фракцынхан.
УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж явсан Г.Занданшатар, одоогийн УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нарын нэр хамгийн эхэнд дуулдана.
Эсрэг тал дахь фракцаас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, БНХАУ дахь Элчин сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, хуульч С.Нарангэрэл нарын нэр ч бас сонсогдоно.
Нэр дэвшихийг хүсэгч У.Хүрэлсүхийн фракцынхан аль хэдийнээс нэгнийхээ замыг хааж, хэвлэлээр, сошиалаар нэгнийгээ бодлоготойгоор гөвүүлсээр байна.
Г.Занданшатар бусдыгаа бодвол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй бүр 2000-аад оноос хойш хамт явсан. У.Хүрэлсүх Г.Занданшатарыг улстөрд дагуулчихсан тэр үед Я.Содбаатар улмаар Ж.Энхбаяр нар дөнгөж МАН-ын дэргэдэх МАСЗХ-д орж ирж байж билээ. Мөн тэр үеэс Б.Батцэцэгийн нэр ч харагдах болсон байдаг.
С.Жавхлангийн хувьд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй үеэл гэгдээд банкны салбараас гэнэт улстөрд орж ирсэн нь 2016 оноос хойшх үе.
Тэднийг бүгдийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хэмээн сошиал, хэвлэлүүдээр баахан бичих бөгөөд араас нь тийм муу, тийм ч авлигач хэмээн бичүүлэх нь тархи толгой эргүүлмээр.
Ерөнхийлөгчийн хүмүүс дундаа авлига, тендэрт арай бага холбогдсон Г.Занданшатар арай өндөр рейтингтэй байгаа нь нууц биш.
Гэвч түүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хэмээн хамгийн эхэнд баалах. Ерөнхийдөө 2024 оны сонгуульд түүнийг ялагдахад алгаа ташсан хүн олон байх. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч нь. Ерөнхийлөгчид өрсөлдөх болоогүй ч өмнөх Ерөнхий сайд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэг, нэг кандитат ханцуйлаад байж байсан. Тэгээд Г.Занданшатарыг Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болох гэхэд “алалцан” тэмцэлдсээр буулгаж авсан.
Б.Жавхланг хамгийн олон жил Монгол улсын Сангийн сайд хийсэн ч ноднингоос эхэлсэн төсвийн хүндрэлүүд, төсвийн тодотгол хийж байгаагийн буруутан хэмээн бичих болоод байна. Мөн дампуурсан, дампуурч байгаа банкууд, хувийнх нь банк бус санхүүгийн байгууллагуудын тухай гээд олон зүйлээр буруутгасаар. Эцэст нь Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй хэмээх болоод байна.
Б.Жавхлантай нэг УИХ-ын тойргоос сонгогдож байнга хамт Засгийн газрын гишүүн явж ирсэн ч Ж.Энхбаяр тэр хоёр таардаггүй байнга муудалцаж явдаг.
У.Хүрэлсүх МАН-д болон Засгийн газарт албан тушаал ахихаар түүнийг дагаж явдаг Ж.Энхбаяр нар даган дэвшиж ирсэн. ЖДҮ-чин, ХХААХҮЯ-ыг Дархан руу нүүлгэж улсын төсвийн баахан мөнгөөр тоглосон ч хариуцлага хүлээх нь байтугай бүр дэвшсэн гээд Ж.Энхбаярын балаг их.
Тэрээр өнөөдөр Эдийн засгийн хөгжил хариуцаж байгаа ч буцаад ХАА-н асуудал руу ордог гэлцэх. Мөн “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг буцаан олгох, Ноён ууланд алтны уурхай байгуулах асуудлыг тавьж байгаа зэргийг нь өрсөлдөгчид нь байнга бичүүлж байгаа.
УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд Г.Занданшатар,Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар шиг У.Хүрэлсүхээс зүүгдэж гарч ирээгүй. Багаасаа бизнес хийж, тэмцэж явж л эдүгээ хүрсэн байх. Гэхдээ улс төр дэх дүрэмгүй бүлэглэл,фракцын шахаараар яалт ч гүй У.Хүрэлсүхийн бүлэглэлд багтжээ. Түүнийг Ховдынхон болон М.Энхболд нарын хууччуул дэмжиж байгаа гэх.
Харин Б.Батцэцэг олон жил Гадаад хэргийн сайд хийж, үүнийхээ хажуугаар хувийн бизнесээ цэцэглүүлсэн гэлцэх. Гэхдээ Б.Батцэцэгийг улстөрд орж байх үед компани нь аль хэдийн хэвлэлийн салбарын хамгийн томд тооцогдох болсон байсныг, түүний үед Монгол Улсын гадаад харилцаа урд өмнөх үеүдээс хамгийн сайн ажиллагаатай байгааг ч муулсагсад дурсах дургүй. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь хэмээн бусад нь бичүүлж, улмаар муучлуулж үүгээрээ өөрсдийгөө тодруулахыг хичээцгээнэ. Гэхдээ тэр өөрөө нэр дэвших хүсэлгүйгээ хэлээд удаж байгаа.
Ийнхүү өдийг хүртэл хамгийн нягт гэгдэж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тойрсон хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулиас болж сүрхий хагараад байна.
