Нара гишүүнийг Т.Аубакир сайд фашист гээд цагдаад өгсөн бол Э.Бат-Үүл солиотой дебиль гэв

Өнгөрсөн даваа гаригт УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган нээлтээ хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара Ерөнхий сайдаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг чөлөөлөхийг хүссэн билээ.

М.Нара “Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байх шиг байна. Миний хувьд таны Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэхээс илүү тодорхой нэг сайдыг солимоор байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг сольж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад ингэж байна гэхээр үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхсандаа биш өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас урвасан Х.Зарыдхан, Х.Жекей, А.Мурат, Бекен зэрэг хүмүүсийг хараад бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх санал гаргаж байгаа юм” хэмээсэн.

Тэгвэл М.Нарад Т.Аубакир сайд дараах хариуг өглөө. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Монголын парламентын түүхэнд хараар бичигдэх үйл явдлууд болж байна. Дэлхийн улс үндэстнүүд жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг УИХ-ын гишүүн хийж байгаад маш их харамсаж байна. Энэ асуудал дээр хуулийн байгууллага ажиллаж байгаа. Бидний аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн хандах газарт нь хандсан. Яаж шийдэх нь хууль, хүчний байгууллагын шийдэх асуудал. М.Нарантуяа Нара гишүүнийг хэдэн хүний нэр дурдаж байгааг харсан. Тэр хүмүүс хаана байдаг, ямар ажил эрхэлдгийг би мэдэхгүй. Тэдгээр иргэдээр дамжуулж яг өнөөдөр Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа залуучууд, хүүхдүүдийг гутаан доромжилж байна. Тиймээс арга хэмжээ авах ёстой байгууллагууд нь авах байх” хэмээсэн юм.

Мөн уг асуудалтай холбоотойгоор Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нийгмийн сүлжээнд “Орчин цагийн Монгол Улсын түүхэнд монгол, казахаар нь улсаа хагалан дайсагнуулж байсан солиотой дебиль төрийн зүтгэлтэн хэзээ ч байгаагүй шүү. Казах иргэдээ дайрч доромжилж байгаа иргэдээ цагдаагийн байгууллага шалган тодруулах хэрэгтэй. Монголыг үндэс угсаагаар нь хагалан бутаргах үйл ажиллагааг хуулиар хориглосон байдгийг бүх цагдаа мэдэхийн цаагуур мэднэ!

Шизо галзуу хэд гурван хүнээс болж Улс хагарах нь байж болшгүй тэнэглэл!” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn