“Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйг сайшаав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү нар энэ сарын 3-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн зургаадугаар сард Токиод уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж байснаа дурдаж, энэ удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаад Гадаад хэргийн сайд Т.Мотэгид талархал илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцолж, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улс тууштай дэмжиж ирснийг талархан тэмдэглэв.

Талууд Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйг сайшааж, энэхүү түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Эдгээр зорилтын хүрээнд бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дорвитой татахад давхар татварын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотлов.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр талууд зарчмын тохиролцоонд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол, Японы “хүн төвтэй” хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэхээр ярилцлаа.

Монгол, Япон харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойших 50 гаруй жилийн хугацаанд өргөжин хөгжиж, эдүгээ энэ харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна. 2027 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн түүхэн ой тохиох бөгөөд ойг тохиолдуулан хамтын ажиллагааны чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллах саналыг манай тал тавьж, талууд ач холбогдол өгч ажиллахаар боллоо.

Сайд нар бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, НҮБ болон олон талт хамтын ажиллагааны бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Япон Улс “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд ач холбогдол өгч, оролцож ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Японы тал Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж өндөрлөлөө гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn