Энэ намар Монгол улсын улстөрийн нөхцөл байдал ихэд халах юм дуулдсаар. Сөрөг хүчний үүргээ дөнгөж биелүүлж эхэлж байгаа АН-ын УИХ дахь бүлгийн 42 гишүүнээс 41 нь Засгийн газрыг огцруулах дарга О.Цогтгэрэлийнхээ албан бланкан дээр гарын үсгээ зураад байгаа.Харин Ч.Лодойсамбуу гишүүн л уг бичигт ганцаараа гарын үсэг зураагүй ба цаашид ч зурахгүйгээ мэдэгдээд буй. Тэрбээр “Н.Учралыг огцруулаад юу өөрчлөгдөх юм бэ” гэсэн бодит өнцгөөс хандаж байгаа.
Харин АН-ынхан тэр дундаа тус намын дэд дарга Н.Ганибал “Нэг алиа сайдаас болж улс орноороо шатахуунгүй байна” хэмээж буй. Мөн Монгол улс дэлхийгээс ямар ч хамааралгүй мэт ярьцгаана. Иран, АНУ-ын дайны улмаас дэлхийн газрын тосны 20 хувь тээвэрлэгддэг Ормузын хоолой хаагдсан, ОХУ, Украйны дайн энэхүү шатахууны хомсдолд огт хамаагүй гэлцэнэ. Украйн улс оросын газрын тосны үйлдвэрүүдэд халдлага хийснээс тэд өөрийн улс орноо ч шатахуунаар хангалттай хангаж чадахгүй байгааг тооцсон юм алга. Гэтэл манай улс шатахууны хэрэглээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг билээ. АН үүнээс гадна УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсээр.
Энэ сацуу Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь тун удахгүй тодорно. УИХ-ын дарга С.Бямбацогтын хувьд ээлжит бус чуулган хуралдах ёстой хэмээсэн. Гэхдээ ирэх сарын 15-нд буюу 20 хүрэхгүй хоногийн дараа УИХ-ын намрын чуулган эхлэх ёстой.
Эрх баригч МАН сөрөг хүчний Засгийн газрыг огцруулах саналын эсрэг УИХ дахь бүлгээрээ Их Тэнгэрт хуралдан засгаа огцруулахгүй хэмээх саналд нэгдсэн хэмээн мэдээлсэн. Гэвч МАН-ын бүлгийн 65 гишүүнээс зарим нь тухайлбал Э.Болормаа өөрийн фэйсбүүк хуудсаараа “би нэгдээгүй” хэмээн мэдэгдсэн. Мөн МАН-ын бүлгийн гишүүдээс Л.Оюун-эрдэнэ нарын цөөн гишүүд огцруулах саналд нэгдэх магадлал өндөр.
Сайтууд болон сошиалд Д.Амарбаясгалан болон С.Амарсайхан нарыг Засгийн газраа огцруулах талд явна гэж байгаа ч тэд энэ удаа огцруулахгүй гэдэг талд нэгдсэн гэлцэнэ. Үнэхээр ч Д.Амарсайхан сайдын хувьд өмнө нь Г.Занданшатарыг огцруулья хэмээх саналд гарын үсэг зурснаасаа болж засгаас хасагдаад жил ч хүрээгүй байна. Л.Оюун-Эрдэнийг дагадаг Ч.Номин, Ц.Идэрбат нарын гишүүд сайдын суудлаасаа буухыг хүсэхгүй. Тэгэхээр одоогоор мэдэгдэж байгаа нь энэ хэд.
Мөн олонх, цөөнхийн хоёр гол намаас гадна 8 суудалтай ХҮН, 4 суудалтай Үндэсний эвсэл Засгийн газарт ажиллаж байгаа учир огцруулах ажиллагааг дэмжихгүй. 4 суудалтай ИЗНН-ын хувьд ч Засгийн газрыг огцруулах энэхүү тоглоомд оролцохгүй байх нигууртай. Эндээс харахад Засгийн газрыг огцруулахад нийт гишүүдээс 65-ынх нь санал хэрэгтэй ч уг асуудал дэмжигдэхэд хэцүү гэдэг харгдана.
О.Хуяг
