УИХ дахь МАН-ын бүлэг Их тэнгэрт ээлжит бусаар хуралдаж байна

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр  ээлжит бусаар Их тэнгэрт хуралдаж байгаа аж. Тус хурлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.

Намрын улстөр халуурч эхлээд буй энэ үед сөрөг хүчнийхээ байр суурин дээр дөнгөж гарч ирж буй АН-ынхан идэвхжээд буй.

Тэд “Засгийн газрыг огцруулах бичигт УИХ дахь бүлгийнх нь 40 гишүүн гарын үсэг зурсан. Засгийн газрыг гадаад орчин хамгийн таатай байхад шатахуун тасалдуулсан. Төсвийн тодотголыг алдагдал 2.2 их наяд болчихоод байхад 1.4 их наядаар хийх төсөл өргөн барьж байгааг буруутгасан. Мөн АН орон даяар “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа зарлаад байна. Нэг сая орчим иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ирэх онуудын сонгуульд иргэдээс ирсэн 100 саналыг тусгасан мөрийн хөтөлбөртэйгөөр оролцох аж. АН ерөнхийөгчийн сонгууль нэр дэвших боломжтой улс төрчдийн талаар иргэдтэй уулзан санал, хүсэлтийг нь хүлээн авна” хэмээх мэдэгдлүүдийг хийсэн.

Харин эсрэг талд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эл хуулийн төслийг өргөн барихдаа “Төсвийн үндсэн үзүүлэлтийн тухайд энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгалаа.

Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг уг нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулаад байна.

Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” гэж мэдэгдсэн.

Мөн МАН-ын дотоодод АН-тай нийлж Засгийн газраа огцруулах хүсэлтэй нөхдүүд цөөнгүй байгаа гэж дуулдах. Энэ бүхэнд УИХ МАН-ын бүлэг ямар дүгнэлт өгөхийг тус хурлаас шийдэх болов уу гэсэн хүлээлт бий. Ийнхүү Монгол улсын улстөр халж эхэллээ.

О.Хуяг

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn